Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатар: Иргэд зээлийн хүүгийн дарамтад байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын түр хороо цаг үеийн асуудлаар хуралдаж байна. 

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Иргэд зээлийн хүүгийн дарамтад байна. Эрчим хүч, цахилгааны төлбөрөө төлөхөд хүндрэлтэй иргэн олон бий. Ажилгүйдэл Монгол орон даяар нүүрлэлээ. Гарц гаргалгаа байна уу?

Давагдашгүй хүчин зүйл болчихоод байхад хувийн хэвшлийн иргэдийн хүндрэлийг төр оролцож шийдвэрлэх ёстой. Оюутолгойн зэс 7,200-аар гарч байна. Вальютын зохицуулалтын хуульд санал оруулж ирэх боломж байна уу?

Нийгмийн даатгалын санд байгаа 2.4 их наяд төгрөгийн орлогыг барьцаалж, хувийн хэвшлийн иргэдэд ажилгүйдлийн даатгалын мөнгийг өгөх хэрэгтэй байна” гэлээ.

Вальютын зохицуулалтын тухай хууль боловсруулагдаж дууссан

Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Вальютын зохицуулалтын тухай хууль боловсруулагдаж дууссан. Өргөн баригдах шатандаа явж байгаа. Гол зохицуулалтуудыг хийхэд боломжгүй зүйл байхгүй.

Нийгмийн даатгалын сан барьцаалах асуудал дээр одоогоор мэдээлэл алга байна. Гэхдээ 2020 оны нэгдүгээр улиралд тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сан тодорхой хэмжээгээр зохицуулалтад ороод явчих болов уу гэсэн ойлголттой байна” гэв.

Гаднын орнуудад мөнгөө хадгалуулсны төлөө банк шимтгэл авдаг болсон

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Аж ахуйн нэгжийн авсан арилжааны зээлийн хүүг нэхэж байна гэсэн асуудал яригдаж байна. Онцгой цаг үе гээд хадгаламжийн хүүг зогсоочихвол яадаг юм бэ? Гаднын орнуудад мөнгөө хадгалуулсны төлөө банк шимтгэл авдаг болсон. Гэтэл манайд банк оршин тогтнохын тулд хүү амалдаг” гэлээ.

Грект зээлийн хүүг зогсоох ажиллагааг төрөөс нь зохицуулсан

Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Монголын эдийн засгийн суурь үзүүлэлт гадаадын улс оронтой харьцуулахад өөр. Инфляц, ханшийн сулрал хоёр дээр манай улс оноо алддаг.

Хадгаламжийн хүүг зогсоох асуудал дээр төв банк болгоомжтой хандаж байна. Энэ практик олон улсад төдийлөн гараагүй. Грект зээлийн хүүг зогсоох ажиллагааг төрөөс нь зохицуулалт хийсэн байдаг юм билээ. 

Зээлийн хүү тэглэх олон боломж нөхцлүүд байгаа. Банк энэ эрсдлийг даах боломжгүй.

Хадгаламж эзэмшигч нарт энэ ачааг үүрүүлэх бол банксны системийг татан унагаах вий гэсэн болгоомжлол өндөр байна. Зардлаа хаанаас гаргах вэ гэдгийг тодорхой болгочихвол энэ асуудлыг шийдэх боломжтой гэж харж байна" гэв.