Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын төсөв эхний арван сард 3.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарав

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны эхний арван сарын гүйцэтгэлийн хураангуйг танилцууллаа.

Тайлант хугацаанд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал төлөвлөсөн дүнгээс 1,749.3 тэрбум төгрөгөөр буурчээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2020 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 7,556.3 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 10,815.3 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 3,259 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Тайлант хугацаан дахь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 3,804.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол төлөвлөсөн дүнгээс 1,749.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.

 

2020 оны эхний 10 сарын байдлаар:

  • Нийт тэнцвэржүүлсэн улсын төсвийн орлого 722.5 тэрбум,
  • Орон нутгийн төсвийн орлого 357.9 тэрбум,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцвэржүүлсэн орлого 64.8 тэрбум төгрөгөөр тус тус дутуу төвлөрсөн.

Харин нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого 280.6 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс давж биелжээ. 

Тайлант хугацаанд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 14.6 хувь буюу 1,287.7 тэрбум төгрөгөөр буурч, төсвийн нийт зарлага 30.3 хувь буюу 2,516.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төсвийн зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 44.9 пунктээр их байгаа нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл алдагдалтай гарч, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 3,804.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд нөлөөлсөн аж.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар төсвийн 32 ерөнхийлөн захирагчдын төсөв зарцуулах эрхийг баталсан бөгөөд 2020 оны 10 дугаар сарын гүйцэтгэлээр улсын төсвийн нийт зарлагын төсөв 1,570.5 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагджээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын тухайд 2020 онд нийт 1,330.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байсан билээ.

Тэгвэл 2020 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 709.9 тэрбум төгрөгийг зарцуулж, 53.3 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

 

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны эхний 10 сарын гүйцэтгэлийн хураангуйтай ЭНД дарж танилцана уу.