Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэд гарсан халдварын эх үүсвэрийн талаар УОК болон ЭМЯ зөрүүтэй мэдээлэл өгч байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймагт гарсан буюу төмөр зам дагасан халдвар хаанаас эх үүсвэртэй болох талаар УОК болон ЭМЯ зөрүүтэй байр суурийг илэрхийлж байна.

"Хатуу болон зөөлөн биетийн хөдөлгүүрээр халдварын урсгал орж ирсэн нь тогтоогдсон"

Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяраар ахлуулсан баг Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа.

УОК-ын орлогч дарга Г.Сайханбаяр энэ сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймагт халдварын нөхцөл байдал ямар байгааг танилцуулах үеэрээ “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот олон улсын зэрэглэлийн төмөр замын өртөөтэй. Хатуу болон зөөлөн биетийн хөдөлгүүрээр халдварын урсгал орж ирсэн нь тогтоогдсон. Ахуйн үйл ажиллагааны алдаанаас болоод халдвар тархсан гэдэг хоёр дахь шалтгаан тогтоогдсон” хэмээн мэдээлсэн.

"Энэ халдвар агаар дуслын замаар халддаг"

Харин өнөөдөр 11:00 цагт болсон ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын эх үүсвэрийн талаар сэтгүүлчийн асуултад “Халдвар хатуу, зөөлөн биетээс дамжсаныг тогтоосон гэх мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас хэлээгүй. Тийм юм байхгүй. Энэ халдвар агаар дуслын замаар халддаг. ОХУ-д халдварын дэгдэлт өндөр явагдаж байгаа бөгөөд эхний үед халдвар агаар дуслын замаар дамжсан гэж үзэж байгаа. Одоо үргэлжилж байгаа халдвар ч гэсэн агаар дуслын замаар дамжиж байгаа” хэмээн хариулав.

Түүнчлэн “Kовид-19” халдвараас хэрхэн сэргийлэх талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийтийн тээвэрт зорчихдоо үргэлж бээлий өмсөх хэрэгтэй. Учир нь коронавирус нь агаар дуслын замаар болон хүрэлцэх замаар халддаг тул олон нийтийн газраар өмсөж явсан хувцсаа тогтмол угааж, ариутгаж байх хэрэгтэй хэмээн зөвлөж байгаа.

Тэгвэл хатуу болон зөөлөн биетийн хөдөлгүүрээр халдварын урсгал орж ирсэн гэх таамгийг хэн дэвшүүлж, хэн тогтоосон бэ?

Сэлэнгээс эхтэй халдвар төмөр зам дагасан халдвар болж хувирсан нь арваннэгдүгээр сарын 6, 7-нд зохион байгуулагдсан УБТЗ ХХН-ийн тэмцээнтэй холбоотой гэх мэдээллийг ЭМЯ-наас өгч байгаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.