Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

ШӨХТГ-аас хүнсний зах болон дэлгүүрүүдэд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 11 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотын зургаан дүүрэгт долоон ажлын хэсэг Онцгой байдлын таван албан хаагчийн хамт 16 зах, 30 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 29 эмийн сан мөн Орхон, Дархан-Уул, Баянхонгор аймагт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үеэр гарсан зөрчил болон хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ ямар байсан талаар мэдээллээ.

  • "Хүчит шонхор" захад борлуулагдаж буй өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ "Алтан тариа" дээдийн дээд гурил 1 кг 2,100 төгрөг, алтан тариан дээд 1 кг 1,600 төгрөг, 1-р гурил 1 кг 1,300 төгрөг, цагаан будаа 1 кг 2,200-4,000 төгрөг, монгол төмс 1 кг 800 төгрөг, сонгино монгол 3,000, лууван 1,200 төгрөг байв. Өмнөх өдрөөсөө монгол сонгино 500 төгрөгөөр, лууван 200 төгрөгөөр тус тус өссөн байна. 
  • Өглөөний байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины цул мах 8,000 төгрөг, хонины ястай мах 8,000-8,500 төгрөг, үхрийн цул мах 10,500-12,000 төгрөг, үхрийн ястай мах 9,000-11,000 төгрөг, адууны мах 8,500 төгрөг, ямааны мах 7,300-7,500 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдөртэй жижиглэнгийн үнийг харьцуулахад хонины ястай мах 500-1,000 төгрөгөөр өсжээ.
  • Харин махны бөөний үнийн хувьд хонины мах 6,300-6,800, үхрийн мах 7,500-8,000, адууны мах 6,000, ямааны мах 43,00-5,000 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн бөөний үнэтэй харьцуулахад үхрийн мах бөөний үнэ нь 200 төгрөгөөр, хонины махны бөөний үнэ нь 200 төгрөгөөр тус тус буурсан байна. 
  • Махны нийлүүлэлт 82.5 тонн болж, өмнөх өдрөөсөө 9.1 тонноор буурчээ.
  • Баянзүрх дүүргийн "Шинэ сансар" захад монгол сонгино 3,500 төгрөг байсныг 3,000 төгрөг болгон бууруулж зөрчлийг арилгуулсан байна.
  • Хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 дугаарын утсанд ирүүлсэн гомдлын дагуу 2020 оны 11 сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Тайхар" хүнсний дэлгүүрт хяналт, шалгалт хийхэд "Түмэн шувуут" ХК-ийн Түмэн С1 төрлийн өндгийг 340 төгрөгөөр авч 450 төгрөгөөр үндэслэлгүйгээр өндөр үнээр зарж байсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу иргэн У-г  хоёр сая төгрөгөөр торгожээ.
  • "Алтжин бөмбөгөр" захад хонины цул мах 10,000 төгрөгөөр зарагдаж байсныг 9,000 төгрөг болгож, Содон бөмбөгөрт 9,500 төгрөгөөр зарагдаж байсан хонины цул махыг 9,000 төгрөг болгон зөрчлийг арилгуулсан байна.
  • Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Хоом ланд” хүнсний дэлгүүрийн үнэ хэвийн, нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүн үгүй, бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт хэвийн, халдвар хамгааллын дүрэм баримталж ажиллаж байв. Харин өндөгөө 420 төгрөгөөр худалдан борлуулж байсныг 400 төгрөг болгуулжээ.
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17.00 цагийн байдлаар 115 утсанд 116, чатботод 24, дуут шуудангаар 100, ибаримт апликэйшнээр 11 иргэн, нийт 251 иргэн хандсан байна.

 

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР