Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс сарны хөрсний дээжийг дэлхийд авчрах сансрын хөлгийг хөөргөлөө

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Хятад улс сарны гадаргаас дээж авчрах робот хөлгийг сансарт хөөргөжээ.

Хэрвээ төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл Хятад улс нь дэлхийд сарны хөрснөөс  дээж авчирсан дэлхийн гурав дахь улс болж, АНУ, Зөвлөлтийн дараа бичигдэх юм.

Улаанбаатарын цагаар 20:30 цагт Хайнань арлын Вэнчань сансрын буудлаас Chang’e-5 хөлгийг тээвэрлэсэн Long March-5 пуужин сансарт хөөрчээ. 

Пуужинг хөөрснөөс хойш 37 минутын дараа Chang’e-5 хөлөг салж, сарны тойрог замд орох траекторт шилжсэн байна.

Уг хөлөг сарны хөрснөөс чулуу, шорооны дээж авч, дэлхийд авчрах бөгөөд энэ нь сарны үүсэл гарал, бүтэц зэргийг судлахад ашиглагдах юм.

Аяллын нийт урт 23 хоног үргэлжилж, ирэх сарын дундуур дээжийг дэлхийд авчрах төлөвлөгөөтэй байна. Хөлөг саран дээр ажиллах хоёр станцыг буулгахад найм хоног зарцуулж, сарны гадаргад өрөмдлөг хийж, дээж авахад хоёр хоног зарцуулах гэнэ. Үүний дараа сарны гадаргаас хөөрсөн станц буцаж Chang’e-5 хөлөгтэй холбогдох ажээ.

Хятад улс өнгөрсөн онд анх удаа сарны алслагдсан хэсэгт хөлгөө буулгаж байсан бол энэ оны долдугаар сард Ангараг гараг руу анхны робот станцаа илгээжээ.

Тус улс 2022 онд дэлхийн тойрог замд байнга ажиллах өөрийн станцтай болохоор төлөвлөж байна.

АНУ-ын Аполло хөтөлбөрийн 12 сансрын нисгэгч 1969-1972 оны хооронд зургаан удаа сансарт хөөрөхдөө нийт 382 кг сарны хөрсний дээжийг дэлхийд авчирч байжээ.

Дараа нь Зөвлөлт Холбоот Улс сар руу гурван удаа робот станц илгээсний сүүлчийнх нь болох Луна 24 станц 1976 онд дэлхийд 170 грамм дээжийг авчирсан юм.

 

Эх сурвалж: Reuters