Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөл хориог сунгах эсэхийг мэргэжлийн судлаачдын дүгнэлт дээр үндэслэн шийднэ"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл хийлээ. 

"Хөл хориог цаашид үргэлжлүүлэх үү. Засгийн газар энэ дээр ямар байр суурьтай байна вэ" гэсэн асуултад Шадар сайд Я.Содбаатар хариулт өглөө. 

Шадар сайд Я.Содбаатар: Улаанбаатарт жолооч Д-гээс гаралтай, Сэлэнгэ аймагт төмөр замаас гаралтай хоёр голомтыг хумихын тулд л ажиллаж байна. Одоогийн байдлаар тэдэн хувьтай байна гэж тоо зарлах боломжгүй. Зохион байгуулалтын чанартай арга хэмжээнүүдээ төлөвлөснийхөө дагуу авч байгаа. 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сум буюу аймгийн төвийн 27 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах ажил 70 хувьтай явж байна. 

Эрдэнэтэд 6,600 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан. Түргэвчилсэн оношлуураар 22  тохиолдол эерэг гарсан. Гэхдээ PCR шинжилгээгээр батлагдаагүй. 

Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш яах вэ гэдэг дээр Засгийн газар энэ долоо хоногт багтаан шийдвэр гаргана. Өнөөдрийн байдлаар тэгнэ, ингэнэ гэж хэлэх боломжгүй байна. УОК, Засгийн газраас хэд хэдэн хувилбарыг тооцож байна. Хөл хориог цаашид үргэлжлүүлбэл яах вэ, ямар байдлаар хэсэгчлэн хөл хориог сунгах вэ, хэвийн байдалд ямар үе шаттайгаар шилжүүлэх вэ гэх мэтчилэн олон улсад авдаг арга туршлагууд болон өөрсдийн төлөвлөгөөн дээр үндэслэн нарийвчлан тооцож байна. Энэ долоо хоногийн дундуур холбогдох хэд хэдэн байгууллагын бодлогын зөвлөмж гарна. 

Хөл хориог арванхоёрдугаар сарын 1-нээс цааш сунгах эсэх шийдвэрийг мэргэжлийн эрдэмтэн судлаачдынхаа дүгнэлт дээр үндэслэн гаргана. Засгийн газраас энэ долоо хоногийг төгсгөлд тодорхой шийдвэр гаргаж, мэдээлнэ.