Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Халтар: 461 төмөр замчин тусгаарлалтад байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд төмөр зам дагасан халдварын талаар мэдээлэл өглөө. 

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Өнөөдрийн байдлаар УБТЗ-д 15,976 хүн байнгын болон улирлын чанартай ажилладаг хөдөлмөрийн гэрээтэй. 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны 07:30 цагийн байдлаар 15,937 хүнээс 15,622 нь  шинжилгээнд бүрэн хамрагдаад байна. Ээлжийн ажилтай, орон нутагт хөл хоригдсон 315 хүн шинжилгээнд хамрагдаагүй байгаа. Тухайн зангилаа өртөөн дээр ажилалж байгаа хүмүүст энэ өдөртөө багтаан шинжилгээнд хамруул гэдэг үүрэг өгсөн. 

Өнөөдрийн байдлаар 461 хүн тусгаарлалтад байна. Машинч, туслах машинч, сэлгээний бригад, найруулагчийн бригад, дамжуулалтын контор, тооцооны төв, өртөөний жижүүр болон зарим өртөөний удирдах ажилтнууд байна. Төмөр замаас эрсдэл гарч болзошгүй 513 орон тооны судалгаа гаргасан байсан. Эдгээр орон тоон дээр нөхөн ажиллуулах зохион байгуулалт хийнэ. 

Яг одоо хөдөлгөөн дээр гарсан хүндрэл байхгүй байна. 

Шадар сайдын тушаалаар УБТЗ-д гарсан нөхцөл бадалтай холбогдуулан надаар ахлуулсан шуурхай бүлэг ажиллаж байгаа. Шуурхай бүлгийн хуралдаанаас хоёр хилийн өртөөгөөр орж ирж байгаа галт тэрэгний бичиг баримтад арчдасын шинжилгээ хийлгэх нь зөв гэж үзсэн. Бичиг баримтны гадаргуу дээр вирус байхыг үгүйсгэхгүй юм. Харин хөдлөх бүрэдэхүүний гадаргуу гайгүй байна гэдэг дүгнэлт гарсан. 

Тэмцээн уралдааны хувьд өнөөдөртөө энэ нь зөв, тэр нь буруу гэж ярихгүй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан яаж тархалтыг хурдан зогсоох вэ, яаж төмөр замчдаа шинжилгээнд бүрэн хамруулах вэ, хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ, тээврийн тасралтгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. 

Тухайн уралдаан тэмцээн хууль зөрчсөн үү үгүй юу гэдэг дээр хуулийн байгууллага дүгнэлт гаргах байх.