Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эхлээд төсвийнхөө шүүсийг шахчихаад иргэдийн хадгаламж руу өнгий, УИХ-ын гишүүд ээ

ikon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүн төрөлхтөн 1930-аад оны Их хямралаас хойших хамгийн хүнд сорилтыг даван туулж байна. Цар тахлын хөл хорионоос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээс түргэн гарах боломжгүй байгааг өнгөрсөн 7 хоногт болсон ИХ-20-ийн цахим уулзалтаар Сангийн сайд, Төв банкны удирдлага, олон улсын байгууллагын тэргүүнүүд онцлон хэлэлцсэн. Мөн төсвийн дэмжлэгийн үүрэг хамгийн чухал болохыг тэмдэглээд байна. 

Манай улс ч энэхүү хямралыг тойроогүй төдийгүй вакцин гарахын өмнөхөн дотооддоо тархалтыг алдаж олон улсад цар тахлын их хөл хорио эхэлсэн цэгээс бүтэн 10 сарын дараа бүр ч хүнд цохилтод өртлөө.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас 5.1 их наяд төгрөгийн багц арга хэмжээ хэрэгжүүлж, Төв банкнаас зээлийн төлөлтийг хойшлуулах, бодлогын хүүг 3 нэгжээр бууруулж сүүлийн 13 жилийн хамгийн нам дор түвшинд хүргэх, макро зохистой бодлогын хүрээнд эдийн засгийг дэмжих зэрэг хэд хэдэн арга хэмжээ аваад байна. Үүний үр дүнд хөл хорио тогтоохоос өмнө өрх, ААН-ийн санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байж ирсэн. Гэсэн ч дотооддоо цар тахлыг алдсанаар Монголын эдийн засаг 10 сарын өмнөх цэг буюу дэлхийн улс орнуудын их хөл хорионы эхэн үеийнх шиг нөхцөл байдал дээр ирээд байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн томоохон улсуудын цар тахлыг дотооддоо алдсаны дараа авсан хатуу хөл хорио нь эдийн засгийг нь сүүлийн 100 жилд байгаагүй гүн гүнзгий, хүчтэй хямраасан юм. Энэхүү хямралын эсрэг Засгийн газрууд төв банк, ААН-үүдтэйгээ хамтран иргэдийн орлогыг хамгаалах, хэрэглээг дэмжих, бизнесүүдийг түших зэргээр уялдаа холбоотой, шат дараатай олон арга хэмжээ авсан. Үр дүнд нь 3-р улирлаас эхлэн томоохон эдийн засгууд эрчтэй өсөж эхэлсэн бөгөөд АНУ-ын эдийн засаг 33 хувь өсөж түүхэн рекорд тогтоогоод байгаа бол өмнөд хөрш БНХАУ-ын эдийн засаг жилийн дүнгээр 4 гаруй хувиар буюу нормал үетэйгээ ойролцоо түвшний өсөлтийн эрчимд шилжлээ. Гэхдээ цар тахлын тархалтын шинэ давлагаа тодорхойгүй байдлыг үүсгэсэн хэвээр.

Тэгвэл цар тахалд нэрвэгдээгүй эхний 9 сард уул уурхайн салбарын нөлөөгөөр 7.3 хувиар агшсан дотоодын эдийн засгийг 4-р улирлын хатуу хөл хорио улам муутгах эрсдэлтэй байна. Учир нь ЗГ ийм зүйл болно гэж төсөөлөөгүйгээр буюу зун, намар боловсруулсан төсвөө өргөн барьж, хуулийн хугацаанаас хэдхэн хоногийн өмнө яаран батлуулаад авсан. Хөл хорионы хүнд цохилтыг хамгаалах буфер байхгүй гэсэн үг. Энэхүү төсвөө тодотгоно гэж байгаа боловч хэзээ гэдэг нь тодорхойгүй байна. Харин үүнтэй зэрэгцүүлэн 23 арга хэмжээ авахаа зарласан нь бизнесийнхний хүлээлтэд хүрсэнгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар гуравдугаар сард авсан арга хэмжээнээсээ хамаагүй сул, шууд дэмжлэг багатай шийдвэр гаргасан нь зарлагдсан даруйдаа л “яамны шуурхай дээр яригдах хэмжээний асуудал” хэмээн сэтгүүлчдэд шүүмжлүүлээд амжсан.

Ирэх оны төсвөө тодотгож, хэрэггүй зардлынхаа шүүсийг шавхаж чадаагүй улстөрчид олон улсын жишигт байхгүй гарц шийдлийг хэлэлцэж магадгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Банкуудын зээлийн хүүгийн төлбөрийг тодорхой хугацаанд зогсоохын тулд эх үүсвэрийн буюу хадгаламжийн түүг тэглэх асуудлыг ярьж эхлэх нь. Анх сонсоход “муусайн өндөр хадгаламжтай тэрбумтангуудын хадгаламжийн хүүг ард түмнээрээ төлж хүүлүүлж байна” төрлийн яриаг гаргаж, иргэдийг турхирдаг нөхдөд илүү таатай сонсогдож болох ч дөнгөж хуримталж эхэлж байгаа нийтэд халтай шийдвэр болохоор байгаа юм. 

Тиймээс ДНБ-ий дөнгөж 50 орчим хувийг бүрдүүлж буй иргэдийнхээ багахан хадгаламжинд гараа дүрэхийн оронд УИХ-ын гишүүдийг 2020, 2021 оны төсвийнхөө шүүсийг шахахыг уриалж байна

Ингэж уриалах хэд хэдэн шалтгаантай. 

Банкны нийт эх үүсвэрийн дансны 99 хувь нь 100 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай иргэд, байгууллагынх юм. Хадгаламжтай 2 хүн тутмын нэг нь 100 хүрэхгүй сая төгрөгтэй буюу үр хүүхдийнхээ ирээдүйн боловсрол, орон байр, тэтгэврийн насанд хүрээд хэрэглэх багахан хэмжээний хөрөнгө хуримтлуулах зэргээр суурь хэрэгцээгээ хангахад зориулж олсон хэдээ хурааж байгаа гэсэн үг. Бүтэн жил шахам “хэл дуулгаж” байж ирсэн хямралыг гэтэлгэх арга зам нь эдгээр хүмүүс, ихэнх нь хүүхдүүдийн хадгаламжийн орлого байж болохгүй. Нөгөө талаас багахан хадгаламжтай хүмүүсийг хохироон байж зээл тэглэх нь иргэдийнхээ нэгнээс аваад нөгөөд булаан өгч байгаа л үйлдэл. Энэ улмаар нь дөнгөж төлөвшиж эхэлж буй хуримтлах дадал зуршлыг үгүй хийж, хуримтлаад биш хэрэглээд, зээлээд явж болдог юм байна, төр дэмжинэ гэсэн нийгмийн бодол санааг бий болгох нь урт хугацаандаа хамгийн хортой байж магадгүй юм. 

Иргэдийн хуримтлал руу халдахын өөр нэг сөрөг үр дагавар нь хэдийнэ санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгээд буй долларжилт суга өсөх аюул юм. Зах зээлийн нийгэмд хүн байгаа хэдэн бор төгрөгөө аль өсөлттэй байгаа валютад аваачиж хийх, өндөр хүүтэй хадгаламжийг сонгох нь байдаг л зүйл. Төгрөгийн хадгаламжаас өгөөж хүртэхгүй иргэд ам.доллар руу хошуурч эхлэх магадлал бий. Энэ нь томоохон хадгаламж эзэмшигчдийн хувьд бүр ч тодорхой алхам. Тэд гадагш эх үүсвэрээ шилжүүлснээр хөрөнгийн зугталт (captal flight) бий болно. Манай улс дэлхийн дүрмээр тоглодог буюу ОУВС-ийн гишүүнээр элсэхдээ Article 8-д заасны дагуу “аливаа хэлбэрийн гадаад төлбөр, шилжүүлэгт дангаар хориг тавихгүй” байх ёстой. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, тогтвортой хадгалах, тэдний хөрөнгөд хуулийн дагуу олон улсын жишгээр, шударгаар хандах баталгаа болдог. Тиймээс гадагш урсах хадгаламжийн урсгалд дотооддоо хязгаарлалт хийдэг шигээ хийгээд байж арай л барахгүй болов уу. 

Тэглээ ч хадгаламжийн хүүгийн зардал нь зээлийн хүүгийн 60 хувийг л бүрдүүлж буй. Үлдсэн 40 хувь нь эдийн засгийн 95 хувийг нуруун дээрээ үүрч буй банкны салбарын үйл ажиллагааны зардал. Үүнд цалин, түрээс, цахилгаан, ус гээд л үйл ажиллагаа явуулахад бүхий л хэрэгцээтэй зардлууд орно. Банкны салбар эрсдэх нь нийт эдийн засгаа татан унаж байгаагаас ямар ч ялгаагүй. Бид харьцангуй чөлөөтэй санхүүгийн системээ босгох гэж 30 жил зүтгэсэн. Илүү сайжруулах ажил ч цаашид хийгдэх ёстой. Гэхдээ татан унагаж болохгүй. Банк унавал хамгийн түрүүнд банкнаас санхүүгийн хэрэгцээгээ хангадаг зээлдэгчид буюу 1.1 сая иргэний цалинг тавьдаг ААН-үүд ч эрсдэлд орно. 

Бусад улсын авсан арга хэмжээг харьцуулбал эх үүсвэрийн хүүг тэглэсэн зохицуулалт гаргаагүй. Харин ЗГ, Төв банк нь хамтраад бизнесүүдэд урт хугацаатай зээлийн санхүүжилтийг хангалттай хэмжээнд өгч буй. Зээлийн төлбөрийн тухайд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ түгээмэл авсан. Тухайлбал Монголбанкны одоо хэрэгжүүлж буй шиг зээлийн төлөлтийг хойшлуулах арга хэмжээг санхүүгийн байгууллагуудаараа дамжуулах хэрэгжүүлж байна. Ингэхдээ “эрсдэлийг хуваах” зарчимд тулгуурласан жишээ ч байна. Тухайлбал хатуу хөл хориотой байгаа хугацаанд цар тахалд бодитоор өртсөн зээлийн төлбөрийг төр, банк болон харилцагч хуваан төлөх гэх мэт.

Мөн маш олон орон төсвийн үлэмж хэмжээний багцуудыг ашиглан бизнесээ аварч байна. Тухайлбал, АНУ 2 их наяд ам.долларын багц хэрэгжүүлсэн, нэмэлтээр 2 их наяд ам.долларыг батлахаар хэлэлцэж буй. Үүнийхээ тодорхой хэсгийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хөл дээрээ тогтож яваа бизнесүүдэд, зарим хэсгийг өрхийн орлогыг дэмжих шууд дэмжлэг, агаарын тээвэр, аялал жуулчлал зэрэг хамгийн хүнд байгаа салбаруудад багцалсан зээл өгөх зэргээр ашиглаад байна. Мөн Канад, Хонгконг, Австрали, Япон улсууд төсвийн дэмжлэгээр эдийн засгаа тэтгэх арга хэмжээний үнийн дүнгээр тэргүүлж байгаа юм. 

Эдгээрээс харахад манай улстөрчид зээлийн төлбөрийг зогсооно гэж попрохдоо хамгийн залхууг нь буюу хуримталж буй хэдийнхээ орлогоос суйлаад өгчих замыг сонгох нь ямар олон сөрөг үр дагавартайг төсөөлөхөд бэрх байна.

Харин үүнийхээ орон бидний төлсөн татварыг үр ашигтай зарцуулах хувилбар буюу төсөвтөө оновчтой тодотгол хийж, хямралыг урнаар маневрлаж гарахад ухаанаа уралдуулах нь зүйтэй болов уу. 

 

Э.Сэцэн