Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Тусгаарлах байраас гэрийн ажиглалтад шилжиж буй иргэдийн утсанд аппликэйшн суулган давхар хянаж байгаа

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагийн хэвлэлийн хуралд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр оролцож, мэдээлэл хийлээ.

"Батлагдсан тохиолдлууд гарсан аймгууд болон Улаанбаатар хотод 327 цэгт нийт 10,899 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна"

Тэрбээр “Улаанбаатар хотын 28 тусгаарлан ажиглах байранд 1,607 иргэн байгаа бол орон нутгийн 32 тусгаарлах байранд 690 хүн байна.

Нийлбэр дүнгээрээ улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 2,299 хүн тусгаарлан ажиглах байранд байрлаж байна.

Бид өчигдөр 146 иргэнийг хаягт нь хүргэж, гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Тухайн иргэдийг тусгаарлах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүлэх ажлыг нийслэлийн Онцгой комиссоос нэгдсэн байдлаар зохион байгуулсан.

Гэрийн ажиглалтын 14 хоногт шилжиж байгаа хүмүүсийн утсанд аппликэйшн суулгаж, түүгээр давхар хянаж байгааг хэлье. Үүнтэй холбоотойгоор халдвар хамгааллын дэглэм баримтлах тухай баталгаа гаргаж, тухайн иргэдээр гарын үсэг зуруулж буй.

Түүнээс гадна өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлууд гарсан аймгууд болон Улаанбаатар хотод нийт 327 цэгт, 10,899 хүн 7,368 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд голомтын халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулж, нийт 498.7 мянган квадрат талбайд халдваргүйжүүлэлт хийсэн. Тус аймгийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэмэлт хүч ажиллаж байгаа" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1788100374686442

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.