Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Байденд баяр хүргэхгүй байгаагийн цаана далд санаа байхгүй

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Оросын төв телевизийн сувгаар ярихдаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд баяр хүргэхээ хойшлуулж буй шалтгааныг тайлбарлажээ.

Өмнөх сонгуулиар 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд буюу санал хураах ажиллагаа дууссанаас хойш 12 цагийн дотор Путин сонгуульд ялалт байгуулсан Дональд Трампад баяр хүргэж байв.

Харин энэ удаа дэлхийн томоохон улс орнуудын төрийн тэргүүнүүд Байденд баяр хүргээд байхад ОХУ-ын ерөнхийлөгч ямар нэг алхам хийхгүй байна.

Энэ удаагийн сонгуулийн үр дүн арванхоёрдугаар сарын 14-ний өдөр муж бүрийн сонгуулийн төлөөлөгчид саналаа нэгтгэснээр албан ёсны болох юм.

“Бидэнд хэн нэг нь таалагддаг, эсвэл таалагддаггүй гэсэн далд санаа байхгүй гэдгийг би энд батлан хэлмээр байна. Бид зөвхөн дотоодын улс төрийн маргаан зөрчлийг нь арилахыг хүлээж байгаа” гэж Путин хэлжээ.

Тэрбээр сонгуульд ялсан нэр дэвшигчид түрүүлж баяр хүргэх, эсвэл сүүлдэж баяр хүргэлээ гээд Америк-Оросын харилцаанд өөрчлөлт гарахгүйг хэлсэн байна.

“Нэгэнт муудсан харилцааг дахин муутгана гэж байхгүй. Манай харилцаа хэдийнээ муудаад байгаа” гэж Путин энэ үеэр хэлсэн юм.

Путин бас АНУ-ын сонгуулийн систем алдаа дутагдалтай болохыг шүүмжлээд ийм байхад Вашингтоны эрх баригчдад бусад улс орны сонгууль шударга болсон эсэхийг шүүх эрх байхгүй гэж мэдэгджээ.

Хэдийгээр одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп энэ удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагааг луйвартай болсон гэж үзээд бууж өгөхгүй байгаа ч Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага (OSCE)-ын ажиглагчид “хэвийн, шударга болсон” гэж дүгнэсэн юм.

 

Эх сурвалж: РИА Новости