Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Их Британи, Герман улсууд ирэх сараас Covid-19-ийн вакцинжуулалтаа эхлүүлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Covid-19 өвчний эсрэг вакцинд зөвшөөрөл өгснөөс хойш 24 цагийн дотор эхний Америк хүн вакцинжуулалтад хамрагдах боломжтойг АНУ-ын засгийн газрын төлөөлөгч өчигдөр мэдэгджээ.

“Зөвшөөрөл өгснөөс хойш 24 цагийн дотор муж бүрийн хамгийн түрүүнд шаардлагатай байгаа хүмүүст вакцин хүрч эхэлнэ” гэж АНУ-ын засгийн газрын “Operation Warp Speed” хөтөлбөрийн ахлах зөвлөх, доктор Монсеф Слауи өчигдөр NBC сувгийн “Meet the Press” нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна.

АНУ-ын Эм, Хүнсний хэрэг эрхлэх газрын (FDA) зөвлөлдөх хорооны гишүүд арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хуралдаж, Pfizer/BioNTech компаниудын вакцинд түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэх юм. Тиймээс вакцинжуулах ажил маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 11-ний өдөр эхлэх боломжтой гэнэ.

Вакцины туршилтаа дуусгасан өөр нэг компани Moderna ирэх сарын сүүлээр зөвшөөрөл авахаар төлөвлөжээ.

АНУ-ын нийт 330 сая орчим хүн амын 70 хувь нь вакцинжуулалтад хамрагдвал үндэсний хэмжээнд дархлаа тогтоно гэж тооцоолж байгаа.

Энэ хувьд хэмжээнд ирэх оны тавдугаар сар гэхэд хүрэх боломжтойг доктор Слауи хэлжээ.

Их Британийн засгийн газар АНУ-аас ч өмнө буюу энэ долоо хоногт багтаж Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгох төлөвтэй байгааг Telegraph сонин Ням гарагт мэдээлсэн байна.

Тус улсын засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр арванхоёрдугаар сарын 1-нээс вакцинжуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлтгэлтэй байх чиглэлийг эрүүл мэндийн яаманд өгөөд байгаа гэнэ.

Герман улсын эрх баригчид мөн вакцины зөвшөөрлийг ирэх сард өгөх төлөвлөгөөтэй байгааг тус улсын эрүүл мэндийн сайд Йенс Шпан хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters, The Guardian