Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Швейцарт мэргэжил эзэмшиж, Монголын мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломж олгосон сургуульдаа баярлалаа”

A.Жаргал
2020 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

COVID-19 цар тахлын нөлөөнд хамгийн хүчтэй өртөж байгаа салбаруудын нэг нь боловсролын салбар. Хүүхдүүдийн эрх бүрэн хангагдаж чадахгүй, улс орнууд хөл хориотой байсан ч “Эмпати” сургуулиудын захиргаа энэ хугацаанд үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, төгсөгчдөө илүү сайн боловсрол эзэмших замыг нь тавьж өгсөөр байгаа юм. 

Хамгийн сүүлд тус сургуулийн дөрвөн төгсөгч Швейцарын Люцернийн их сургуульд Олон улсын IT менежментийн чиглэлээр нэн хөнгөлөлттэй суралцах эрх авсан сайхан мэдээтэй байна. Энэ талаар “Эмпати” сургуулиудын захирал Б.Ганбат болон шалгалтаа амжилттай давсан сурагчидтай ярилцлаа.

Б.Ганбат: Бид гар хумхин суулгүй, сурагчдадаа сайн мэргэжилтэн болоход нь туслаж, зөвлөж, ирээдүйн чанартай боловсон хүчнийг бэлдэхийн төлөө чармайн ажилласаар байх болно

-Юуны өмнө дөрвөн төгсөгчөө Монгол Улсад төдийгүй дэлхийд эрэлт, хэрэгцээтэй байгаа мэдээлэл технологийн мэргэжлээр суралцуулах ажлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Тус сургуультай хамтран ажиллах болсноор Монгол сурагчдад ямар боломж нээгдэж байгаа тухай ярихгүй юу?

-Баярлалаа. Бид ч бас сурагчдынхаа өмнөөс баяртай байна. Манай сургуулиуд өнгөрсөн долдугаар сард Швейцар улсын Люцернийн Их сургуультай (ЛИС) хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ хүрээнд манай “Эмпати” сургуулиуд мөн “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн төгсөгчид ЛИС-ын Хэрэглээний Шинжлэх ухаан, урлагийн сургуульд Олон улсын IT менежмент чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бакалаврын зэрэг эзэмших боломжтой болсон. Ингэхдээ тус сургуулийн элсэгчдийг шалгаруулах моделийн дагуу хялбаршуулсан журмаар элсэх бөгөөд сургалтын төлбөр төлөлгүй, зөвхөн семестрийн элсэлтийн хураамжийг төлж суралцах боломжийг энэхүү хамтын ажиллагаагаар бүрдүүлсэн.

Хамтран ажиллах гэрээний дагуу дээрх нөхцлөөр жилд 1-2 сурагч элсүүлэх ёстой байсан ч манай сурагчдын сурлагын түвшин, идэвх чармайлт, коллеж коунселеруудын хичээл зүтгэлийг үнэлээд 4 сурагч элсүүлсэн нь үнэхээр бахархууштай явдал болсон.

-Сүүлийн үед сурагчдаа гаднын томоохон сургуулиудад суралцуулах тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа нь анзаарагдаж байгаа.

-Баярлалаа. Тус ажлыг бид шинэ зорилтуудын нэг болгон, сургуулиуддаа коллеж зөвлөхтэй болж анх эхлэж байсныг бодоход өнөөдөр Швейцар, Герман, БНСУ, АНУ-ын томоохон сургуулиудтай хамтын ажиллагааг баталгаажуулж, эхнээсээ сурагчид маань шалгуураа хангаж суралцаад, мэргэжлээ эзэмшээд эхэлсэн байна. Онцолж хэлэхэд, гадаад харилцаагаа ашиглан бид сурагчдадаа программын хэл, кодчлолыг заагаад зогсохгүй, роботыг программчилж сурах боломжийг БНСУ-ын “Роботис” компанитай хамтран эхлүүлсэн. Цаашид ч бид гар хумхин суулгүй, сурагчдадаа сайн мэргэжилтэн болоход нь туслаж, зөвлөж, ирээдүйн чанартай боловсон хүчнийг бэлдэхийн төлөө чармайн ажилласаар байх болно. 

 

Люцернийн их сургуульд “Улаанбаатар Эмпати” сургуулийн төгсөгч А.Ивээл,” Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн сурагч О.Санчир, “Орхон Эмпати” сургуулийн төгсөгч Ч.Тамир, “Баян-Өлгий Эмпати” сургуулийн сурагч Х.Зэйнеп нар элсэн суралцах  болзол хангаад буй юм. 

А.Ивээл: Яг өөрийн хүссэн мэргэжлээрээ Швейцарт суралцаж, мэргэжил эзэмших  боломж олгосон сургуульдаа баярлалаа гэж хэлмээр байна

“Улаанбаатар Эмпати” сургуулийн 2019 оны төгсөгч, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Компьютерын ухааны тэнхимийн 2 дугаар түвшний оюутан А.Ивээлтэй ярилцсан юм.

“Би дунд сургуульд байхаасаа IT сонирхдог байсан. Сургуулиа төгсөөд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд элсэн орж, цаашид сайн бэлтгэж байгаад гадагшаа явж суралцах сонирхолтой байсан ч коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалаад эндээ үргэлжлүүлэн сурахаар болоод байлаа. Коронавирусийн халдвараас болж хичээл хаагдахад өөрийгөө сорьж, энэ мэргэжлээрээ цаашдаа явж чадах эсэхээ мэдэх гэж “Nitotech” гэдэг технологийн старт ап компанид дадлагаар ажилласан. Ингэж ажиллахдаа энэ миний явах зам мөн юм байна гэдгийг илүү сайн ойлгосон. 

Зун сургуулийнхаа фэйсбүүк хуудаснаас Шивейцарын сургуультай манай сургуулиуд гэрээ хийснийг мэдсэн. Өмнө нь манай сургууль Пусаны их сургуультай хамтын ажиллагаа эхлүүлэхэд төгсөгчдөөс шалгалтад хамрагдах боломжтой байсан, энэ удаа мөн тийм боломж байгаа байх гэж бодсон тул сургуулийнхаа захирал Э.Олдохзаяа багш болон коллеж зөвлөх Отгончимэг багштайгаа ярьж, эхний мэдээлэл авсан. 

Люцернийн Их сургууль эхний шатандаа нэлээд олон шалгуур тавьсан байсан. Англи хэлний түвшингийн C1 буюу 7 оноо шаардсан. Миний хувьд 2019 онд IELTS шалгалт өгч оноогоо авсан байсан нь нэмэр болсон байх. Материалаа өгч эхний шатанд тэнцээд, дараагийн хоёр удаагийн ярилцлагад орж мөн тэнцсэн. Манай Эмпатигийн салбар таван сургуулийн хүүхдүүд оролцож нэлээд өрсөлдөөнтэй байсан. 

Сүүлийн ярилцлагын зарыг 14 хоногийн өмнө хэлсэн тул маш их бэлдсэн. Томоохон их, дээд сургуульд элсэхэд асуудаг түгээмэл асуултуудад нэг бүрчлэн бэлдэж, ганцаараа чангаар ярьж, хариултуудаа бичих зэргээр бэлдсэн. Тус сургуулиас 3 профессор хамт суугаад ярилцлага авсан. Тэнцсэндээ маш их баяртай байгаа. Люцернийн Их сургуулийн энэ хөтөлбөрөөс хамгийн их таалагдсан нь бакалаврын сургалтын нэг жилд нь уг сургуультай гэрээтэй Азийн болон хойд Америкийн өөр хоёр ч сургуульд дамжин суралцах юм билээ.

Хоёр сургуулийн хооронд байгуулсан гэрээний дагуу суралцах хамгийн анхны оюутнуудын нэг болсон нь хариуцлагатай санагдаж байна. Энэ гэрээний дагуу манай сургуулийн олон хүүхэд Швейцарь улсад суралцахыг хүсэж байгаа.  Эхний хүүхдүүд сайн суралцвал цаашид гэрээ сунгагдаж,  дараа илүү олон хүүхдэд ийм сайхан боломж олдох байх. 

Төгсөж ирээд Монголын IT салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах хүсэлтэй. Яг өөрийн хүссэн мэргэжлээрээ Швейцарт суралцаж, мэргэжил эзэмших  боломж олгосон сургуульдаа баярлалаа гэж хэлмээр байна. 

О.Санчир: Монголынхоо технологийн салбарыг хөгжүүлье гэж бодож байгаа

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч О.Санчирын сэтгэгдлийг сонслоо. 

“Анх Люцернийн их сургуулийн талаар ярихад аав маань “Швейцар бол аз жаргалын индексээрээ дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. Өргөдлөө өгөөд үзэхгүй юу” гэж зөвлөсөн. Гурван жилийн хугацаанд гурван өөр улсад суралцах боломжтой нь надад таалагдсан. 

Багадаа нэг хэсэг архитекторч болно гэж боддог байж байгаад сүүлийн жилүүдэд IT сонирхдог болсон. Одоо бүх зүйл технологийн хөгжилд суурилж байгаа болохоор ирээдүйгээ харж энэ мэргэжлийг сонгож байгаа. Би ер нь технологи судлах дуртай.

Энэ мэргэжлээрээ төгсөөд гадаадад жаахан ажиллаж туршлага хуримтлуулаад Монголынхоо технологийн салбарыг хөгжүүлье гэж бодож байгаа. Монголоо технологийн салбараар өндөрт гаргах болможтой. 

Энэ боломжийг манай сургууль олгосон. Би дөрөвдүгээр ангиасаа УБ Элит сургуульд ирсэн. Манай сургуулийн уур амьсгал, багш, сурагчдын харилцаа, нэг нэгэндээ тусалж хөгжүүлж дэмждэг нь хамгийн гоё. 

Ч.Тамир: Коллеж зөвлөх багш маань байгаагүй бол ийм сургууль байдаг эсэхийг ч мэдэхгүй байх байлаа

“Орхон Эмпати” сургуулийн 2020 оны төгсөгч Ч.Тамиртай ярилцлаа. 

“Би анх Америк улс руу явж сурах бодолтой байсан. Гэвч маш олон шалтгааны улмаас хүссэн их сургуульдаа тэнцсэн ч явах боломжгүй болсон. Тэгээд Монголдоо сурахаар болтол манай сургуулийн коллеж зөвлөх багш надад Швейцар улсад сурах боломж байгааг, мөн намайг сонирхож байгаа эсэхийг асуусан. Ингээд ороод үзье гэж шийдсэн. 

Шалгаруулалтын хувьд хэцүү зүйл байгаагүй ээ. Эхлээд багштайгаа цуг шаардлагатай бүхий л бичиг баримтаа бүрдүүлж, их сургуульруугаа явуулсан. Хэсэг хугацааны дараа надад informal ярилцлагад орно шүү гэж хэлсэн. Өмнө нь их сургууль гэлтгүй ямар нэг ярилцлагад орж байгаагүй учраас бага зэрэг сандарсан ч ярилцлага амжилттай болсон. Ярилцлага хийж байсан Hochschule Luzern University-ийн төлөөлөгчид бүгд их найрсаг хүмүүс байсан учраас удалгүй нүүр хагарч, чөлөөтэй ярьж эхэлсэн. 

Яагаад тэр сургуульд сурмаар байгаа, аав ээж маань юу хийдэг санхүүгийн хувьд сурах боломж байгаа эсэхийг асуусан. Энэ ярилцлагын дараа би ирээдүйн төлөвлөгөөгөө богинохон бичиж өгсний дараа дахин нэг ярилцлага хийхээр болсон. Хэдийгээр formal ярилцлага гэж хэлсэн ч надаас ганцаараа амьдарч, хоол хийж чадах эсэхээс гадна хичээлээс гадуур юу сурмаар байгааг минь, бас их сургуулиа төгсөөд юу хийх бодолтой байгааг минь асуусан. Хэдэн долоо хоногийн дараа 2021 оны элсэлтэд тэнцсэн гэсэн хариуг өгсөн.

Швейцарт сурч мэдлэг хуримтлуулж их сургууль, үйлдвэрээс туршлага хуримтлуулж Монголдоо хэрэгжүүлнэ гэж бодож байна. Яг юу хийхээ одоогоор шийдээгүй ч Швейцар  улсад сурч ирээд Монголдоо хэрэгжүүлэх зүйлс зөндөө бий гэдэгт итгэлтэй байна. 

Хэрэв коллеж зөвлөх багш маань байгаагүй бол ийм сургууль байдаг эсэхийг ч мэдэхгүй байх байлаа. Тиймээс багш нартаа, сургуульдаа маш их баярлаж байгаа. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.