Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Халтар: Ачаа тээврийн жолооч нарт нийтэд нь КОВИД-19-ийн PCR шинжилгээ хийхээр боллоо

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар төмөр зам дагасан халдварын голомтын илрүүлэг болон нүүрс тээврийн экспортын гол боомтуудад хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

УБТЗ-ын 12,942 ажилтанд шинжилгээ хийсэн, үлдсэн 2,000 гаруй ажилтанд өнөөдөр болон маргааш шинжилгээг хийж дуусгана

Тэрээр "Төмөр замын трассыг даган Алтанбулаг боомтоос эхтэй халдвар тархсан нь тогтоогдсонтой холбогдуулан Улаанбаатар төмөр замын байнгын болон байнгын бус нийт 15,694 ажилтанд бүгдэд нь КОВИД-19-ийн халдварын шинжилгээг энэ өдрүүдэд хийж байна. Одоогоор 12,942 ажилтанд шинжилгээ хийж, үлдсэн 2,000 гаруй ажилтанд өнөөдөр болон маргааш шинжилгээг хийж дуусгахаар төлөвлөж байна.

Зөөврийн шинжилгээний лаборатори Замын-Үүд, Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа. Төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж буй. Энэ хугацаанд ээлжинд гарч буй, машинист, өртөө зангилаа дахь ээлжийн ажилчдыг байгаа газарт нь тусгаарлаж, гэрт нь хариулахгүйгээр ажлын байранд нь амраах, ажлаа үргэлжүүлэх нөхцлөөр хангах  байдлаар зохицуулалтууд хийгдэж байна. Цаашид төмөр замын нийт ажилчдын шинжилгээний хариу эцэслэн гарч байдал хүндэрвэл өмнө нь төмөр замд ажиллаж байсан чөлөөндөө гарсан ахмадууд, Төмөр замын дээд сургуулийн 4-р дамжааны оюутнуудыг онлайнаар шалгалт авч орлуулан ажиллуулахад бэлэн байлгахаар судалгаа бүртгэл, бэлтгэлүүдийг хийж эхэлсэн.

Замын-Үүд боомтод халдвар бүртгэгдсэн зэргээс шалтгаалж БНХАУ-ын талаас хилийн боомтын шалгалт, хяналт ойрын өдрүүдэд чангарсан

Дотоодод халдвар илэрсэнтэй холбоотойгоор Замын-Үүд боомтод халдвар бүртгэгдсэн зэргээс шалтгаалж БНХАУ-ын талаас хилийн боомтын шалгалт, хяналт ойрын өдрүүдэд чангарсан байна. Иймд экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх хүрээнд УОК-оос шуурхай арга хэмжээг авахаар боллоо.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос байнгын ачаа тээвэрт явдаг 101 жолоочийг шинжилгээнд хамруулсны дараа 50 жолоочийг хилийн цаана сарын турш байршуулж тэдгээр жолооч нар хоёр орны хилийн боомтын дундын бүсэд ачаа тээврийг авчирч Монголын талаас нөгөө 50 жолооч ачаа тээврийг авах байдлаар зохицуулалт хийж байна.

Нүүрс тээврийн экспортын гол боомтуудад мөн халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, ачаа тээврийн жолооч нарт нийтэд нь КОВИД-19-ийн PCR шинжилгээ хийхээр боллоо.

Тавантолгой-Цагаан хад чиглэлд уртын тээвэрт явж буй 4,000, Цагаан хад-Гашуунсухайт чиглэлд богинын тээвэрт явж буй 2,000 жолооч нарт шинжилгээ хийж, тэднийг тээврийн замд хавьтал үүсгэхгүйгээр зохион байгуулалтыг цагдаа, дотоодын цэргийн дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар болов.

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллаж буй жолооч, боомтын ажилтан албан хаагчдад газар дээр нь шинжилгээ хийж, үйлчилгээ үзүүүлэхээр PCR шинжилгээний явуулын нэг лабораторийг өнөөдөр угсарсан. Гашуунсухайт боомтод ирэх 7 хоногт дахин нэгийг байрлуулж ажиллуулна" гэлээ.