Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Батлагдсан тохиолдлуудын ойрын 700, хоёрдогч хавьтлын 6,000 хүнд хийсэн шинжилгээний хариуг үндэслэн цаашид авах арга хэмжээг төлөвлөнө"

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж, коронавирусийн халдвар тээгчийн ойрын болон дам хавьтлыг илрүүлэхээр олон нийтийн дунд явуулж буй тандалтын талаар мэдээлэл өглөө.

Дотоодын нийт халдварын хоёр нь дам хавьтал буюу тоглолт үзсэн хоёр хүнээс бусад нь ойрын хавьтлаас илэрсэн

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Улсын хэмжээнд КОВИД19-ийн халдвар Төмөр зам дагасан, Улаанбаатар хотод гэсэн үндсэн хоёр голомтоос тархсан нь  тогтоогдсон. Орон даяар тус өвчний халдварын тархалтын бүрэн зураглалыг гаргасан гэж үзэж байна. Тодруулбал нийт тогтоогдоод буй халдварын хоёроос бусад нь ойрын хавьтал, үнэр амт мэдрэхгүй, халуурсан, амьсгалын замын дутагдал шинжээр эмнэлгийн байгууллагад хандсанаар 1-3 тохиолдол тус тус илэрсэн. Эдгээрийн эх үүсвэр тогтоогдсон бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй тохиолдол нэг ч байхгүй нь орон даяар КОВИД19-ийн халдвар тархаагүй байна гэж үзэх нэг үндэслэл байж болох юм.

Бүртгэгдсэн халдвараас үүдэлтэй тархалтын ерөнхий эх үүсвэрийг тогтоосон нь цаашид халдварын тархалтыг хумих боломжтой байх эерэг хандлагыг харуулж байна. Тиймээс халдварын тархалтыг бүрэн хумихын тулд иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих нь нэн чухал.

Улаанбаатар хотод 20,000 иргэн сайн дураар шинжилгээнд хамрагдсанаас нэг ч халдвар илрээгүй

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 100 гаруй мянган хүнд КОВИД19-ийн халдварын шинжилгээг PCR болон түргэвчилсэн оношлуураар хийснээс Улаанбаатар хотод 50,000 хүнд хийгдсэн. Улаанбаатар хотод шинжилгээнд хамрагдсан иргэдийн 20,000 нь сайн дураар шинжилгээнд хамрагдсан. Нэг ч халдвар илрээгүй нь дээр хэлсэнчлэн халдвар нийтийн дунд тархаагүй байх боломжтойг харуулж буй.

Харин КОВИД19-ийн халдвар авсан нь батлагдсан иргэдийн ойрын хавьтлын нийт 700, хоёрдогч хавьтлын 6,000 хүнд PCR шинжилгээг хийжээ. Эдгээр нийт шинжилгээний дүн мэдээлэлд үндэслэн тархалтын хүрээ,  голомтыг  тогтоох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргана. Халдвар илэрч буй байдлаас үзэхэд тархалт эхэлсэн голомтуудыг оновчтой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авсан байна хэмээн дүгнэж байгаа.

Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлаас халдвар олноор илэрч байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн 26,000, Алтанбулаг боомтын 5,000 иргэнийг бүгдийг түргэвчилсэн оношлуур, шаардлагатай тохиолдолд PCR шинжилгээнд оруулж, ирэх 7 хоногт дуусгана. Ойрын хавьтлын болон дам хавьтлын бүх хүмүүсийг халдвар илэрснээс эхлэн тусгаарлан шинжилж байгаа нь халдварыг тархаахгүй барьж чадсан.