Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Одоогийн байдлаар манай улсад амьсгалын аппаратад орсон COVID-19-ийн халдвартай өвчтөн байхгүй"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар цахимаар холбогдсон сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

- Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа шалтгааныг тайлбарлаж өгнө үү?

А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймгийн хувьд ойрын хавьтлуудаас нь шинжилгээ авч илрүүлж байгаа нь маш сайн. Халдвар авсан хүнийг илрүүлбэл төдий чинээ хавьтал болсон хүнийг хүрээг тогтоох ач холбогдолтой байдаг. Шинжилгээг өргөн хүрээнд хийж, илрүүлгийг сайн хийж байна. Халдвар илэрсэн хүмүүсийн 60-70% нь шинж тэмдэггүй, хавьтлын үеэсээ тогтоогдож байгаа нь эрт илрүүлгийг үр дүнтэй зохион байгуулж буйн нэг илрэл. Эрт илрүүлж, эрүүл хүмүүсээс тусгаарлаж авах нь хамгийн чухал. Тэр утгаараа энэ ажил Сэлэнгэ аймагт эрчимтэй явагдаж байна.

- Амьсгалын аппаратны хүрэлцээ хангалттай байгаа юу?

Д.Нарангэрэл: Амьсгалын аппаратын нөөц бидэнд хангалттай бий. Засгийн газраас Дэлхийн банкны шугамаар 50 гаруй шинэ аппарат авч нөөцөлсөн. Одоогийн байдлаар манай улсад амьсгалын аппаратад орсон COVID-19-ийн өвчтөн байхгүй.

- Одоогийн байдлаар хэдэн хавьтал илрүүлээд байна вэ?

А.Амбасэлмаа: Арваннэгдүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртэл нийт 801 ойрын хавьтлыг илрүүлж, шинжилгээ хийсэн. Үндсэндээ 40 гаруй хувийг нь давтан шинжилгээнд оруулаад явж байна. Хоёрдогч хавьтал болох 7,500 хүнийг илрүүлэн урьдчилан сэргийлэх тестийн сорил тавин эерэг гарсан хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажил зохион байгуулагдаж байгаа. Улаанбаатар хотод тандалтын цэгүүд дээр 19,400 гаруй хүнд шинжилгээ хийсэн.

- ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэдтэй тулж ажиллаж байгаа хэчнээн эмч ажилтан байгаа вэ. Эмч ажилчдын нөөц хангалттай юу?

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д өвчтөнтэй тулж ажиллах 13, 14 баг байдаг. Нэг эмчид 10-14 өвчтөн оногдоно. Одоогоор шуурхай хариу арга хэмжээний багаа оруулаад нөөцөнд баг байгаа. ХӨСҮТ өнөөдрийн байдлаар 400 орыг дэлгэж бэлэн байдлаа хангасан. Энэ үед ажиллах эмчийн нөөцөө ч бэлдсэн. ЭМЯ-ны мэргэжилтнүүд 14 хоног ажиллаад 14 хоног ажиглалт хяналт тандалтад байдаг. ХӨСҮТ-д 200 гаруй хүн үндсэндээ халдвартай холбоотой ажлуудыг зохион байгуулж байна. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/2452822708352395

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.