Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон нутгийн иргэдийг нэгдсэн системд бүртгэж, түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулаад буцаана"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орон нутаг руу нь иргэдийг хэрхэн буцаах талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Улсын хэмжээнд 608 тохиолдол бүртгэгдснээс 172 нь дотооддоо халдвар авсан.

Халдвар голомтлон тархаж байгаа Сэлэнгэ аймагт нийт 26 мянган иргэний 20,442-т, үүний дотор 5,997 хүнд PCR шинжилгээ хийгээд байна. Үүний 879 нь ойрын, 638 нь дам хавьтал. Зүүнхараад төмөр зам дагасан тархалтаас халдварын хоёр тохиолдол бүртгэгдээд байна. Мөн бүсэд буюу Зүүнхараад самар түүхээр ууланд гарсан 7,000 гаруй хүний 1,000 гаруй нь тус суманд ирсэн. Эдгээр иргэдийг түргэвчилсэн оношлуур, PCR шинжилгээнд оруулж орон нутаг бүрт нь нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалтын дор буцаахаар бэлтгэж байна.

Улсын онцгой комисс салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Алтанбулаг, Замын-Үүд, Зүүнхараад тусгай үүргийн Шуурхай бүлэг томилон ажиллуулж байгаа.

Мөн Улсын онцгой комиссын дэргэд холбогдох салбаруудын төлөөллөөс бүрдсэн Эрдэмтдийн зөвлөх багийг байнга ажиллуулахаар боллоо. Дархан-Уул аймагт 18 мянган иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан.

Цаашдаа өрх бүрээс нэг хүнийг хамруулахаар ажиллаж байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоож, шинжилснээр тархалтыг тогтоосон. Дархан-Уул аймагт голомт байхгүй ч хөдөлгөөн ихтэй учир хөл хорионы дэглэмийг чангатган ажилласан. Орхон аймагт төмөр зам дагасан хавьтлаас үүдэлтэй халдвар бүртгэгдсэн учир “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоож, 6,000 гаруй ажилчдыг PCR шинжилгээнд хамруулж эхэлсэн.

Дорноговь, Говьсүмбэр аймагт хошууч генерал Ш.Лхачинжаваар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Автозамын боомтоор өдөрт 150 гаруй ачаа тээврийн автомашин нэвтэрч байгааг бууруулахгүй, экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд БНХАУ-ын талаас тавьсан шаардлагыг биелүүлж, жолооч, иргэд, боомтын ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг үүрэг болгож, байнгын холбоотой ажиллаж байна. Халдвар гарсан газар, байршил, байр, орон сууц зэрэгт ариутгал халдваргүйтгэл сайн хийхийг холбогдох газруудад дахин анхааруулсан.

Эмнэлгийн хог хаягдал, тэр дундаа ХӨСҮТ-ийн хог хаягдлыг стандартын дагуу устгаж байгаа эсэхэд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хяналт тавьж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ахалсан Ажлын хэсэг эмзэг бүлгийн иргэдэд хүнс, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа.

Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг шинээр бүрдүүлж байгаа мэдээллийн дата баазад үндэслэн дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн гаргаж эхэлсэн. Халдварын тархалтын урьдчилсан зураглалаас үзэхэд орон даяар халдвар тархаагүй байх төлөв ажиглагдаж байна.

Гол нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байвал богино хугацаанд тархалтыг бүрэн хумиж чадна. Аймаг, орон нутгийн Онцгой комиссын дарга нар нэгдсэн удирдлагын дор ажиллах ёстойг дахин анхааруулъя.

Улаанбаатар хотод болон орон нутагт гацсан иргэд, оюутнуудын нэгдсэн бүртгэл, мэдээллийг ойрын өдрүүдэд гарган, PCR шинжилгээнд хамруулсны дараа буцаахаар төлөвлөж байна. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэд нутагтаа очоод тусгаарлалтад орохгүй. Ирсэн гэдгээ орон нутгийнхаа холбогдох байгууллагад мэдэгдэж, гэртээ 14 хоног тусгаарлагдана" гэв.