Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дүгэржав: Ховд аймагт COVID-19 халдварын тохиолдол илрээгүй

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ховд аймгийн ЗДТГ-ын вэб хуудсаас авав.

"Ховд аймагт коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж, 0 зогсолт хийх гэж байна" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад буйтай холбогдуулан тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр "Иргэдийн дунд "Ховд аймагт "КОВИД-19"-ийн халдвар илэрч 0 зогсолт хийх гэж байгаа" тухай албан бус мэдээлэл амнаас ам дамжин яригдаж, цахим орчинд бичигдсээр байна. Тиймээс аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын хувьд дараах тайлбарыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар /2020.11.21/ Ховд аймагт "КОВИД-19"-ийн халдварын тохиолдол илрээгүй. Тиймээс хөл хориог чангатгасан, 0 зогсолт хийх тухай асуудал огтхон ч яригдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе. 

Иргэдийг сургаар сонссон мэдээллээ "ҮНЭН" мэтээр "ЦАХИМ" орчинд түгээж ард иргэдийг айдаст автуулж бас төөрөгдүүлэхгүй байхыг хүсье. Нөхцөл байдал үүслээ гэхэд бидэнд ард иргэдээсээ "ҮНЭН"-ийг нуух шаардлага байхгүй. 

Аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаарх үнэн бодит мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх үүднээс орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж байна.  "ОНЦГОЙ КОМИССООС МЭДЭЭЛЖ БАЙНА" мэдээллийг "Олон ястны телевиз"-ээр болон цахим хуудсаар нь мөн Ховд телевизээр шууд дамжуулан хүргэж байгаа болно.  

Нийслэл Улаанбаатар хотоос гадна Дархан, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр зэрэг 5 аймагт "КОВИД-19" цар тахлын халдвар гарч халдварын тохиолдол өнөөдрийн байдлаар /2020.11.21/ Улсын хэмжээнд 582-т хүрлээ. 

Улсын Онцгой комисс, Засгийн газраас голомтод байгаа орон нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, хатуу хөл хорио тогтоосон. Гэвч зарим иргэн зохих ёсны шинжилгээ өгөхгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлэн голомтын бүсээс аймаг, сумдад ирэх явдал гарсаар байгаа нь нууц биш ээ. Энэ нөхцөл байдал нь дэлхий нийтийг цочроож буй нийгмийн аюултай, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, Улсын Онцгой комисс, Засгийн газар, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн 24 цагаар ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулсаар байна. 

Иймд ард иргэд та бүхнийг хатуу хөл хорионы хугацаанд өөрийнхөө болон өрөөл бусдынхаа эрүүл, аюулгүй байдлын төлөө дэглэмээ баримталж, төр засгаас гаргасан шийдвэрийг хүндэтгэн дагаж мөрдөхийг анхааруулж байна" гэжээ.