Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай улсын эрчимт эмчилгээний ор дүүрэх гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Герман улс нь коронавирусийн цар тахал эхэлсэн цагаас хойш эрүүл мэндийн хамгийн сайн системтэйгээрээ Европт онцгойрч байсан юм.

Гэвч сүүлийн өдрүүдэд вирусийн халдвар эрчимжсэний улмаас бусад улс орнуудын нэгэн адил нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгааг мэдээлжээ.

Баасан гарагт Германд 24,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Есдүгээр сарын 21-нд тус улсад эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн Covid-19 өвчтөний тоо 267 байсан бол арваннэгдүгээр сарын 20-нд 3,615 хүрээд байгааг албаны тоо баримт харуулжээ. Энэ нь хоёр сарын хугацаанд 13 дахин өссөн үр дүн юм.

Герман улсад 100,000 хүнд оногдох эрчимт эмчилгээний орны тоо 33.9 байдаг. Харьцуулбал энэ тоо Италид 8.6 байдаг юм.

Хэрвээ вирусийн халдвар энэ хэвээр үргэлжлэн тархвал сар хүрэхгүй хугацааны дотор эрүүл мэндийн системийнх нь ачаалал хэтэрч, хямралд орохоор байгааг Германы канцлерийн хэвлэлийн төлөөлөгч Баасан гарагт анхааруулжээ.

Баасан гарагийн байдлаар Covid-19-өөс бусад өвчтөнүүдийг оролцуулаад Герман даяар 22,066 эрчимт эмчилгээний ор ашиглагдаж, цаана нь 6,107 ор сул үлдсэн байна. Гэхдээ тус улс шаардлагатай тохиолдолд Берлиний үзэсгэлэнгийн танхим зэрэг зориулалтын бус газруудад нийт 12,000 нэмэлт ор гаргахаар төлөвлөжээ.

Герман улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 914,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 13,918 орчим хүн нас баржээ.

 

Эх сурвалж: CNN