Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэл рүү орж, гарах постууд дээр түгээлтийн тээврийн жолооч, зорчигч нарт түргэвчилсэн тестээр шинжилгээ хийж байна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ.

НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Өнгөрсөн 24 цагийн байдлаар Нийслэлийн онцгой комиссын штабт иргэдээс тусгай зөвшөөрөл, эмнэлгийн тусламж, хотоос гарах, орох хөдөлгөөн, түгээлттэй холбоотой 613 санал, хүсэлт ирсэн байна. 

Эдгээр санал, хүсэлтийн зохих хариултыг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэлээ. 

Нийслэлийн Засаг даргын 1,248 дугаар захирамжийн хүрээнд аж ахуй нэгж байгууллага, эм ханган нийлүүлэх байгууллагын түгээлттэй холбоотой өргөдөл гомдол их ирсэн учраас өнөөдрөөс эхлэн 07:00-17:00 цаг хүртэл хүнс, эм ханган нийлүүлэх бүх төрлийн түгээлтийг шуурхай зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Түүнээс гадна авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод тавих анхаарлаа бид сайжруулан ажиллаж байна. Ялангуяа, халдварын голомт бүхий аймгуудаас ирж байгаа автомашинуудын гадна талын халдваргүйтгэл хийж байгаа.

Үүнтэй холбоотойгоор постууд дээр шуурхай тандалтын баг гаргаж түгээлтийн тээврийн жолооч болон зорчигч нарыг түргэвчилсэн тестээр шинжилгээ авах ажлыг зохион  байгуулж байна.

Өнгөрсөн хоногийн тухайд Улаанбаатар хотын хэмжээнд автомашины хөдөлгөөн 90 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байсан" хэмээн хэллээ.

 "Хүнсний үйлдвэрүүд жигд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нөөцийн хомсдолд ороогүй"

Үргэлжлүүлэн "Нийслэлийн зургаан дүүрэгт нөөцийн махны 19 цэгт өдөр бүр 45 тонн махыг худалдан, борлуулж байна. Бид өдөр бүр 45-50 тонн махыг иргэдэд худалдаалах ажлыг хийж буй

Хүнсний үйлдвэр, зах, худалдааны төвүүдэд байгаа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний бодит судалгааг хийхэд одоогоор нийслэлд байгаа хүнсний үйлдвэрүүд жигд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нөөцийн хомсдолд ороогүй жигд байгааг хэлье.

Мөн ариутгалыг 20 байгууллага нийт 843 аж ахуй нэгж цэгийн 152,100 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийсэн. Нийслэлийн хэмжээнд 18 шинжилгээний төв, 84 өрхийн эрүүл мэндийн төвөөр түргэвчилсэн оношлуураар нийт 3,437 иргэнийг шинжилгээнд хамруулсан" хэмээн хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/362851791474984

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.