Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсаас бэлэглэсэн хонины махны эхний хэсгийг Ухань хотод хүргэжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршид айлчлахдаа 30,000 хонь бэлэглэж байгаагаа Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинд мэдэгдсэн билээ.

Бэлэгний хониноос 12,000 орчмыг нядалж, махыг нь коронавирусийн цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Ухань хот руу илгээснийг өчигдөр орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өгөх ёслол болсон байна.

Эхний ээлжийн 10 чингэлэг махыг хүлээж авах ёслолын ажиллагаа өчигдөр буюу Баасан гарагт Ухань хотын Янлуо боомтод болжээ. 

Эдгээрийг Ухань хот болон Хубэй мужийн эмнэлгийн ажилтнууд, ажил үүргээ гүйцэтгэж яваад Covid-19 өвчнөөр амиа алдсан эмч, сувилагч нарын ар гэрийнхэнд тараах юм байна.

Монгол Улсаас бэлэглэсэн хонины эхний ээлж аравдугаар сарын 22-нд Хятадын хилээр нэвтэрсэн бол сүүлчийн хэсэг нь энэ сарын 13-нд нэвтэрчээ.

Эхний ээлжийн махыг авахаар Ухань хотоос ачааны машинууд арваннэгдүгээр сарын 9-нд Эрээн хот руу гарч байсан гэнэ.

Ёслолын ажиллагааны үеэр Хубэй мужийн худалдааны хэлтсийн дарга Чин Жүн тусламжийн гараа сунгасан Монгол улсын засгийн газар, ард түмэнд гүн талархал илэрхийлсэн байна. 

 

Эх сурвалж: China Daily