Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп сонгуулийн үр дүнг өөрчлөх боломжоо алдлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн саналын хуудсыг хоёр дахь удаагаа тоолсны дараа үр дүнг эцэслэн баталгаажуулснаа Жоржиа мужийн удирдлага өчигдөр зарлажээ.

Ингэснээр тус мужид Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулсан нь батлагдаж, одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын хувьд хүнд цохилт болж байна.

1992 оны сонгуулиас хойш Жоржиа мужид үргэлж Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч сонгогддог байсан нь ийнхүү энэ жил эвдэгдэж байгаа юм.

Ардчилсан Намын нэр дэвшигч өрсөлдөгчөөсөө 12,670 санал илүү авсан байна. Энэ нь 2016 онд Дональд Трампын өрсөлдөгчөөсөө илүүрхсэн саналын тооноос давж байгаа юм.

Жоржиа мужийн захирагч, Бүгд Найрамдах Намын гишүүн Брэд Раффенспергер өөрийнх нь намын нэр дэвшигч ялагдсанд сэтгэл дундуур байгаа ч “тоо баримт худлаа хэлэхгүй” хэмээн мэдэгджээ.

Хоёр өрсөлдөгчийн авсан санал эхний тооллогын дараа бага зөрүүтэй гарсан тул хяналтын хоёр дахь тооллого явуулах шийдвэрийг Жоржиа мужийн удирдлага өнгөрсөн долоо хоногт гаргаж байв.

Трампын сонгуулийн штаб тус мужийн санал хураалтын үр дүнг батлуулахгүй байх хүсэлтийг шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй юм. АНУ-ын үндсэн хууль ёсоор мужууд арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс өмнө санал хураалтын дүнгээ эцэслэн батлах ёстой байдаг.

Трампын баг бусад гол мужуудын үр дүнг батлахад саад хийхээр шүүхэд хандсан нь мөн бүтэлгүйтээд байна. Тухайлбал Аризона мужийн хамгийн том дүүрэг Марикопагийн санал тоолох ажиллагаанд шалгалт оруулах Бүгд Найрамдах Намын орон нутгийн салбарын хүсэлтийг шүүх хүлээж аваагүй юм.

Пеннсилвани мужид 2,000 гаруй саналын хуудсыг хүчингүй болгох хүсэлт гаргасныг нь шүүх бас зөвшөөрөөгүй байна. 

Ингэснээр сонгуулийн үр дүнг өөрт ашигтай эргүүлэх гэсэн Дональд Трампын шүүхийн тэмцэл бүтэлгүйтэж байгаа юм.

Одоо түүнд ганцхан боломж үлдсэн нь сонгогчдын саналыг дамжуулдаг сонгуулийн төлөөлөгчдийн (electoral college) шийдвэрт нөлөөлөх ажээ. Хуулийн дагуу мужийн удирдлага өөрийн төлөөлөгчдийг томилж чадахгүй маргаан үүсвэл тухайн мужийн хууль тогтоогчид өөрийн хүмүүсийг шууд томилох эрх эдэлдэг.

Өчигдөр Дональд Трамп гол мужуудын нэг Мичиганд Бүгд Найрамдах Намаас сонгогдсон конгрессийн гишүүдийг Цагаан ордонд хүлээн авч уулзсан байна. 

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Мичиган мужийн сонгуулийн төлөөлөгчдөд өөртөө үнэнч хүмүүсийг томилуулах талаар Трамп ярилцсан байж магадгүй гэнэ.

Энэ нь үндсэндээ жирийн сонгогчдын өгсөн саналыг замаас нь өөрчлөх оролдлого юм. АНУ-ын орчин үеийн түүхэнд ийм аргаар сонгуулийн үр дүнд нөлөөлсөн тохиолдол гарч байгаагүй.

Гэхдээ Цагаан ордныг зорьсон Мичиганы конгрессийн гишүүдийн нэг Майк Ширки хэд хоногийн өмнө хэвлэлд ярихдаа “ийм зүйл болохгүй” гэдгийг мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: BBC