Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Pfizer компани коронавирусийн эсрэг вакциндаа зөвшөөрөл авах хүсэлт гаргажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer компани Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакциндаа түргэвчилсэн горимоор зөвшөөрөл авах хүсэлтийг өчигдөр Вашингтоны засаг захиргаанд илгээжээ.

Энэ нь дэлхий дахинд аюул учруулж буй цар тахалтай тэмцэх үйлсэд чухал алхам болж байна.

Бүтээсэн вакцин нь сүүлчийн шатны туршилтаа 95 хувийн үр дүнтэй дуусгасан тухай Pfizer компани хэдхэн хоногийн өмнө зарласан юм. Энэ нь анхны төсөөллөөс хол давсан үзүүлэлт. АНУ-ын стандартаар 50-аас дээш хувийн үр дүнтэй вакцинд зөвшөөрөл өгдөг.

Тус компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла зөвшөөрөл хүссэн бичиг баримтыг АНУ-ын Эм, Хүнсний хэрэг эрхлэх газарт (FDA) илгээснээ Баасан гарагийн үдээс хойш зарлажээ.

Арванхоёрдугаар сарын 10-нд болох FDA-гийн зөвлөлдөх хорооны хуралдаанаар Pfizer компанийн вакцинд зөвшөөрөл өгөх асуудлыг хэлэлцэх гэнэ. Зөвшөөрөл ирэх сарын дундуур гарах магадлалтайг албаныхан мэдэгдсэн байна.

Pfizer компани зөвшөөрөл гарсны дараа вакцины түгээлт шууд эхлэх боломжтойг баталжээ. Энэ онд багтаад 50 сая тун вакцин нийлүүлэх боломжтой ба энэ нь 25 сая хүнд дархлаа тогтоох хэмжээ юм.

Удахгүй Moderna, AstraZeneca, Johnson & Johnson зэрэг компаниудын вакцин сүүлчийн шатны туршилтаа дуусгах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Reuters