Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвлэлийн хурлын үеэр Трампын өмгөөлөгчийн үсний будаг урсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нью Йорк хотын захирагч асан, 76 настай Руди Жулиани ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгчөөр ажилладаг.

Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үйлчлүүлэгчээ дахин дөрвөн жил Цагаан ордонд суулгахын тулд шаргуу тэмцэж байгаа билээ. 

Сонирхолтой нь сонгуулийн дараа түүний зохион байгуулсан хэвлэлийн хурлууд ямар нэг дуулиантай болж өнгөрч байгаа. Арваннэгдүгээр сарын 7-нд Жо Байден сонгуульд ялсныг ихэнх хэвлэлүүд зарласны дараа Жулиани анхны хэвлэлийн хурлаа Филаделфи хот дахь нэг компанийн байранд зохион байгуулсан юм.

Хэвлэлийн хурал болсон газар нь сэкс шоп болон хүүр шатаах газрын дунд байсан нь тухайн үед хэвлэлээр дуулиан болж, олны анхаарлыг татаж байжээ.

Сонгуулийн санал хураалт будлиан, луйвартай болсныг батлан харуулах гэж Трампын хуульчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Өчигдөр Жулиани хоёр дахь хэвлэлийн хурлаа хийсэн нь бас нэг дуулиан дагуулав.

Энэ удаа тэр нийслэл Вашингтон хот дахь Бүгд Найрамдахчуудын Үндэсний Хорооны байранд сэтгүүлчидтэй уулзаж, Филаделфи хотод санал хураалт шударга бус болсныг батлан ярьжээ. Өмнөх өдөр нь Пеннсилвани мужийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгосон юм.

Энэ удаагийн хурлын үеэр халууцаж хөлөрсөн Жулианигийн үснээс хар будаг урсаж эхэлсэн нь үндсэн сэдвээсээ илүү сэтгүүлчдийн анхаарлыг татсан байна.

Мэдэгдлийнхээ төгсгөлд тэр тэнд байсан сэтгүүлчдэд “Та бүгдийг нойрноос сэрээж, Америкийн иргэдэд үнэн мөнийг дуулгах ажлыг хийлгэхийн тулд би яах ёстойгоо мэдэхгүй байна. Миний ярьж байгаа бүгд үнэн! Ямар ч зохиомол зүйл байхгүй! Энд хэн ч үлгэр яариагүй байна!” гэж учирлажээ.

Үнэндээ сонгуулийн санал хураалт луйвар, будлиантай болсон гэж Трампын багийнхан байнга ярьж байгаа ч хангалттай баримт нотолгоо гаргаж чадахгүй байгаа тул хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татахгүй байгаа юм.

Жулианигийн дараа Трампын хуульчдын нэг Сидней Пауэл үг хэлэхдээ “АНУ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлөхийн тулд Венесуэл, Куба, Хятад зэрэг коммунист улсуудаас их хэмжээний мөнгө цутгасан” хэмээн ярьж, сэтгүүлчдийг гайхшруулсан байна.

 

Эх сурвалж: The Guardian