Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оксфордын вакцин өндөр настнуудад хүчтэй дархлаа тогтоож байгаа нь туршилтаас харагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг вакцин бүтээхээр ажиллаж буй AstraZeneca компани, Оксфордын их сургуулийн хамтарсан баг хоёрдугаар шатны туршилтынхаа зарим үр дүнг өчигдөр The Lancet анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.

Тайланд өгүүлснээр тэдний бүтээж буй вакцин 60-70 орчим насны хүмүүст хүчтэй дархлаа тогтоож байгаа нь харагдсан байна.

Энэ нь 560 сайн дурынхан дээр хийсэн туршилтын үр дүн ажээ.

Одоо AstraZeneca/Оксфордын баг вакциныхаа гуравдугаар шатны туршилтыг илүү олон сайн дурынхныг хамруулан явуулж байгаа юм.

Сүүлчийн шатны туршилтын эхний үр дүн сар хүрэхгүй хугацааны дараа гарах төлөвтэй байна.

Одоогоор Pfizer/BioNTech, Moderna компаниудын бүтээж буй вакцинуудаас гадна Оросын Спутник V вакцин гуравдугаар шатны туршилт нь урьдчилсан байдлаар 90-ээс дээш хувийн үр дүнтэй болсон тухай мэдээлээд байна.

Хэдийгээр Оксфордын вакцины туршилтын үйл явц дээрх төслүүдийнхээс хоцорч яваа ч бэлэн болсныхоо дараа илүү хурдан хэрэглээнд нэвтрэх боломжтой юм.

Учир нь уг вакцины хадгалалт, тээвэрлэлтэд хүчтэй хөргөлт шаардагдахгүй.

Оксфордын эрдэмтдийн бүтээж, AstraZeneca компанид үйлдвэрлэх шинэ вакцинд Их Британийн засгийн газар ихээхэн найдлага тавьж байгаа.

Тус улс Оксфордын вакцинаас 100 сая тунг авахаар захиалаад байгаа бол Pfizer/BioNTech-ийн вакциныг 40 сая тун, Moderna компанийн вакциныг 5 сая тун захиалжээ.

Оксфордын вакцин 56-69 насныхан болон 70-аас дээш насныханд 18-55 насныхантай ижил түвшний дархлаа тогтоож байгаа нь туршилтаас харагдсан байна.

Энэ нь Covid-19 өвчинд хамгийн эрсдэлтэй бүлэг болох өндөр настнуудын хувьд найдлага төрүүлсэн сайн мэдээ болж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC