Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Хүнд гэмт хэрэг хийснээс бусад ялаар шийтгэгдсэн хүмүүст өршөөл үзүүлэх боломжтой эсэхийг судалж үзнэ үү

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Улаанбаатар хотыг дотор нь бүсчилж хаах төлөвлөгөө байгаа юу. Хэрэв тэгвэл улс даяар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс юугаараа ялгаатай байх вэ. 

Архи, согтууруулах ундааг ямар хугацаанд хязгаарлах вэ. Хатуу хөл хорио нь хууль бус сүлжээ, далд эдийн засаг руу оруулдаг. Үүн дээр ямар бодлого байна вэ. 

Мөн хоригдож байгаа хүмүүст ямар бодлого баримталж байна вэ. 

УОК-ын дарга Я.Содбаатар: Дүүрэг тус бүрээс тусгайлсан дэглэм үйлчлэхгүй. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Согтууруулах ундаа худалдан борлуулах шийдвэрийг аймаг, нийслэлийн ИТХ-аас гаргадаг. Бүх нийтийн өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжихэд Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, энэ хугацаанд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглсон. 

Улсын хэмжээнд хорих ял эдэлж байгаа болон баривчлах байранд байгаа, мөн урьдчилан хорих байранд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 6,400 орчим хүн байна. Эдгээр хүмүүсээс 60-аас дээш насны, архаг суурь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, сүрьеэ өвчтэй, ДОХ-той нийт 916 хүн ял эдэлж байна. Эдгээр хүмүүст халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлээр ШШГЕГ-ын даргад үүрэг даалгавар өгсөн. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Зарим улс орнууд хөнгөн ялаар шийтгэгдсэн хүмүүсээ сулласан туршлага байгаа юм билээ. Тэгэхээр ял эдэлж байгаа 6,400 гаруй хүний хүнд гэмт хэрэг хийснээс бусдад нь УИХ-аас өршөөл үзүүлэх боломжтой эсэхийг судалж үзнэ үү гэдэг хүсэлт байна.