Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Обамагийн ном АНУ-ын ерөнхийлөгч нарын дурсамжуудаас хамгийн өндөр орлого олох төлөвтэй байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагийн дурсамж ном “A Promised Land” худалдаанд гарсан эхний 24 цагийн хугацаанд Америк, Канадын зах зээлд 890,000 орчим хувь борлогджээ.

Үүнээс харвал түүний ном орчин үеийн АНУ-ын бүх ерөнхийлөгч нарын дурсамж номнуудыг борлуулалтын тоогоор тэргүүлэх төлөвтэй байна.

Обамагийн дурсамжийг хэвлэсэн Penguin Random House компани түүхэндээ хамгийн өндөр эхний нэг өдрийн борлуулалтыг хийжээ.

Цагаан ордонд амьдарч байсан эрхмүүдээс тэргүүн хатагтай Мишель Обамагийн  дурсамж “Becoming” эхний өдрөө Умард Америкийн зах зээлд 725,000 хувь борлогдсон нь өмнөх дээд амжилт юм.

Энэ ном 2018 онд анх хэвлэгдсэн цагаасаа хойш дэлхий даяар 10 сая хувь борлогдоод байгаа.

Өчигдрийн байдлаар “A Promised Land” ном нь борлуулалтаараа Amazon болон Barnes & Nobles сайтуудын нэгдүгээрт бичигджээ.

Харьцуулбал Билл Клинтоны “My Life” дурсамж 400,000 хувь, Жорж Уолкер Бушийн “Decision Points” дурсамж 220,000 хувь Умард Америкийн зах зээлд эхний өдрөө борлогдож байв.

Энэ хоёр номны нийт борлуулалтын хэмжээ өнөөдрийн байдлаар тус бүр 3.5 сая, 4 сая орчимд хүрээд байна.

Бүх төрлийн номнуудаас эхний өдрөө хамгийн олон хувь борлогдсан дээд амжилтыг Британийн зохиолч Жоан Роулингийн Харри Поттер цувралын сүүлчийн буюу долоо дахь бүтээл эзэмшдэг. “Harry Potter and the Deathly Hallows” нэртэй уг ном 2007 онд анх хэвлэгдэхдээ 24 цагийн дотор 8 сая гаруй хувь зарагдаж байжээ.

Ерөнхийлөгч асан Барак Обама өмнө нь “Dreams from My Father”, “The Audacity of Hope” нэртэй хоёр ном бичиж байсан нь мөн сая сая хувиар зарагдаж байв.

 

Эх сурвалж: The Guardian