Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Арванхоёрдугаар сарын 1-н хүртэл илгээмжийн барааны бүрдүүлэлт тэг зогсоно гэж ойлгож болохгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

COVID-19 цар тахлаас үүдэн улс даяар бүх нийтийн зэрэгт шилжээд байгаа билээ.

Халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаанд Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан 13 төрлийн байгууллагаас бусад тээврийн хэрэгслийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан.

Үүнтэй холбоотойгоор иргэд карго буюу улс хоорондын шуудангийн илгээлтээр ирсэн бараагаа ойрын хугацаанд авч чадахааргүй болсон эсэхийг холбогдох албаныхнаас тодрууллаа.

Энэ талаар Гаалийн лавлах дугаарын албаны хүн хэлэхдээ “Засгийн газрын шийдвэрээр бид арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүн буюу нефтийн бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний бүрдүүлэлт хийх чиглэлтэй байгаа.

Гэхдээ иргэдийг чирэгдэлгүй байлгахын тулд Гаалийн байгууллагаас дээрх онцлох гурван бараа бүтээгдэхүүнээс гадна нэн шаардлагатай болон түргэн муудах бүтээгдэхүүн зэрэг барааны бүрдүүлэлтийг дотоод зохион байгуулалтаараа хийх боломжтойгоор зохицуулж байна.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар гааль дээр нэн тэргүүнд эм эмнэлгийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний бүрдүүлэлтийг хийж байгаа ч нэмэлтээр бусад төрлийн бараа бүтээгдэхүүний бүрдүүлэлтийг хийх боломж, нөхцөлийг хангасан. Цахимаар ч бүрдүүлэлт хийх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж буй.

Тиймээс арванхоёрдугаар сарын 1-н хүртэл дээрх гурван бараа, бүтээгдэхүүнээс бусад төрлийн барааны бүрдүүлэлт тэг зогсоно гэж ойлгож болохгүй. Цар тахлын улмаас ажиллах хүчийг цөөлсөн учир бид энгийн үеийг бодвол харьцангуй ачаалал өндөртэй ажиллаж байна" гэсэн мэдээлэл өглөө.

Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилтан албан хаагчдаа гэрээсээ цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж ажиллахыг зөвлөж байгаа билээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1242 дугаар захирамжийн хавсралтаар баталсан хязгаарлалт тогтоогоогүй 13 байгууллага:

ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

2.

Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга

3.

Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж,

4.

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

5.

Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

6.

Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал

7.

Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар

8.

Банкны төлбөр тооцоо

9.

Оршуулгын үйл ажиллагаа

10.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт

11.

Шүүх, прокурорын байгууллага

12.

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

13

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,“Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/