Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Иргэд маскаа авах уу, талхаа авах уу гэдэг дээр тулчихаад байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Дэлхийн улс орнууд эрсдлээс хамгаалах хамгийн том ажил бол вакцин. Бид нар Дэлхийн банкны 50  сая долларыг хүлээгээд суумааргүй байна. ЭМД сангийн мөнгийг одоо л зарах ёстой. ЭМД-ийн сангийн 500 орчим тэрбум чөлөөт үлдэгдэл байна гэсэн. Гэтэл Сангийн сайд ЭМД-ийн мөнгийг эрсдэлийн сангийг нь байгуулж өгөх хэрэгтэй байна. Эрсдэлийн санг байгуулвал 50-60 тэрбум төгрөгийн боломж байна. Үүнийг Эрүүл мэндийн сайдад өгмөөр байна. Үүгээр вакцин авах ажиллагаагаа зохион байгуулах боломж байна.

Мөн эрсдэлийн бүлэгт байгаа ард иргэддээ маск өгөх хэрэгтэй байна. Хүнсний талон авч байгаа 240 мянган иргэн, тэтгэвэр тэтгэмж авч байгаа 360 мянган хүн байна. Ард иргэд маскаа авах уу, талхаа авах уу гэдэг дээр тулсан. ЭМД-ийн мөнгө эрсдэлд орсон ард иргэддээ захиран зарцуулагдах ёстой.

Өдрийн орлогоор амьдардаг 150-180 мянган хүн эрсдэлд ороод байна. Эдгээр хүмүүст зайлшгүй зориулсан ажил хийх хэрэгтэй байна. Тахлын үеийн төсөв, мөнгөний бодлого явуулах шаардлагатай байна. 

УОК-ын дарга Я.Содбаатар: Ковид-19-ийн вакцинтай холбоотойгоор Дэлхийн банктай хамтарч дэлхийн 174 орон ажиллаж байна. Гадаад хэргийн яам, Сангийн яамууд нэгдсэн механизмд хамтран ажиллаж байгаа. Вакцин үйлдвэрлэж байгаа байгууллагуудтай нь хамтын ажиллагаа явуулж байгаа ч хариу нь одоогоор гараагүй байна.

Дүүрэг дүүрэгт хүнсний тусламж үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Дотуур байрны оюутнуудын хүнсний хэрэгцээг хангаж тогтворжуулах арга хэмжээг авч байгаа.