Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Шижир: Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгыг ЗГ хэрэгжүүлбэл түүний хувь эзэмшдэг компаниудыг хөтөлбөрт хамруулахгүй

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан эдийн засгийг дэмжих санаачилгын талаар тайлбар өглөө.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа 14 хоногийн хугацаатай зогсож байгааг дагаад ажилчид албан хаагчид орлогогүй болох, зээл төлөлт зэрэгт хүндрэл үүсэж, өрхүүдийн орлого тасалдахад хүрч буй. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч зургаан санаачилга гарган Засгийн газарт хүргүүлсэн юм.  

Тухайлбал, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг олгох ба 200 мянгыг нь бэлнээр, 800 мянгыг нь үндэсний хүнсний үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийх ваучер байдлаар олгох санал гаргасан. Үүнд 900 орчим тэмбур төгрөг шаардлагатай бөгөөд Засгийн газраас дэмжээгүй юм. Түүнээс гадна уг хөтөлбөр нь Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг хүнсний үйлдвэрүүдэд дэмжлэг болно хэмээн олон нийт үзэж байгаагаа илэрхийлсэн.

Тэгвэл уг хөтөлбөрийг Засгийн газар хэрэгжүүлэхээр болбол Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хувь эзэмшдэг хүнсний үйлдвэрүүдийг оруулахгүй гэсэн байр суурьтай байгааг Ө.Шижир хэллээ. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар бэлэн мөнгө ба ваучер зэрэг өрхөд санхүүгийн ямар нэгэн дэмжлэг үзүүлсэн 55 улс байна. Эдийн засгийн нөхцөл байдал манай орноос харьцангуй өөр ч Монгол Улсад энэ санаачилгыг шийдэж, эдийн засгийг эргэлтэд оруулах боломж байна. 

Улсын хэмжээнд 13,000 орчим хүнсий зах, жижиг дэлгүүрүүд байгаа. 8,600 орчим боловсруулах үйлдвэр байгаа бөгөөд 46% нь хүнсний үйлдвэр байна. Эдгээр сүлжээг ашиглах боломжтой гэж үзэж буй. Бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах боломж байгаа. 

Хэрэв Ерөнхийлөгчийн уг санаачилгыг Засгийн газар дэмжээд хэрэгжүүлбэл Ерөнхийлөгч өөрийн хувь эзэмшдэг компаниудаа оролцуулахгүй байх саналтай байгаа" хэмээн ярилаа. 

Видео: