Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан хотод шинжилгээнд хамрагдаж, эрүүл болох нь батлагдсан ажилтнууд иргэдэд хүнс, эм, түлээг хүргэж өгч байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дархан-Уул аймагт одоогийн байдлаар COVID-19-ийн батлагдсан 4 тохиолдол бүртгэгдсэнийг өнөөдөр ЭМЯ-наас мэдээлсэн.

Ингэснээр Дархан хотод бүх хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гурав хоногоор сунгаад буй. Энэ хугацаанд иргэдийн нэн тэргүүний хэрэгцээ болох усан хангамж, хоол хүнс, эм, түлээ нүүрсийг ямар зохион байгуулалтаар айл өрхөд хүргэх тухай төлөвлөгөөг тус аймгийн Онцгой комиссоос танилцууллаа.

Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал "Бид өмнө нь гурав хоногийн хугацаанд 10 мянга гаруй иргэнээ хамруулсан. Шинжилгээний ажил үргэлжилсээр байгаа. Бүрэн зогсолтыг дахин гурав хоногоор сунгасан энэ хугацаанд халдварыг дамжуулахгүйгээр тухайн газарт нь илрүүлэхийг зорьж байна. 

Түүнчлэн бүрэн зогсолтын хугацаанд иргэдэд усан хангамж, эм, түлш болон хүнсний бүтээгдэхүүнийг хүргэх төлөвлөгөөг боловсрууллаа. Хүргэлтийн үйлчилгээнд шинжилгээнд хамрагдсан, эрүүл гэдэг нь тогтоогдсон хүмүүс ажиллана.

  • Усан хангамж: Дархан хотод ус түгээх 43 цэг бий. Үүнээс иргэд бөөгнөрөл үүсгэхгүйгээр өөрсдийн хэрэгцээний усаа авах боломжтой. Бүгд ухаалаг системтэй учир картаараа үйлчлүүлнэ. Ус цэгт ажиллах инженерүүдийг шинжилгээнд хамруулсан. 
  • Түлээ нүүрс: Дархан сумын хэмжээнд 10 багт 22 цэг түлш, түлээ борлуулж байгаа. Эдгээр цэг тухайн багийн харьяаллын дагуу түлээ, нүүрсний захиалгыг авч, хүргэж үйлчилнэ. Ингэхдээ нэг өрхөд гурав хоногийн хэрэгцээг худалдах юм. Түүнчлэн эмзэг бүлгийн 1,000 өрхөд 10 хоногийн түлээ, нүүрсийг хүргэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн хувьд эрсдэлт бүлгийн 300 өрхөд түлээ нүүрсийг хүргэж байна. 22 нийлүүлэгчийг Шарын гол ХК-аас түлээгээ татах боломжийг хангана.
  • Эм ханган нийлүүлэх: Дархан хотын хэмжээнд эм ханган нийлүүлдэг 47 байгууллага бий. Тухайн байгууллагуудтай ярилцсаны үндсэн дээр 7 бүлэг хэсэг дээр 25 эмийн санг ажиллуулахаар болсон. Эдгээрээс иргэд хэрэгцээт эмээ захиалан хүргүүлэх боломжтой.
  • Хүнс, ахуйн хэрэглээ: Иргэд зайлшгүй хэрэгцээтэй бүтээгдэхүүнийхээ гурав хүртэлх хоногийн хэрэгцээгээ цахимаар захиалан авах боломжтой. Тухайлбал, мах, гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос, хүүхдийн тэжээл болон ахуйн хэрэглээний бараа, ариун цэврийн цаас, саван, угаалгын хэрэгсэл гэх мэтээ захиална. Захиалгын талбарт нэр, амьдарч байгаа баг, хаягаа оруулснаар хүргэлтийг 10:00-18:00 цагт зохион байгуулна. 
 
 

 

 


Мэдээллийг МҮОНТВ-ийн шууд дамжуулалтаас бэлтгэв.