Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийг маргаангүй болсон гэж ярьсан албан тушаалтнаа Трамп ажлаас нь халав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр тус улсын кибер аюулгүй байдлын топ албан тушаалтныг саяхан болж өнгөрсөн сонгууль шударга болсон гэж ярьсны төлөө ажлаас нь халжээ.

Трамп энэ шийдвэрээ твиттер хуудсандаа зарласан байна. АНУ-ын дотоод хэргийн яамны Кибер аюулгүй байдал, Дэд бүтцийн аюулгүй байдлын агентлагийн захирал Крис Крэбс өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ арваннэгдүгээр сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийг ямар ч алдаа завхралгүй, тус улсын түүхэн дэх хамгийн баталгаатай сонгууль болсон гэж хэлсэн юм.

Энэ мэдэгдэл нь сонгуулийг будлиантай болсон хэмээн заргалдаж байгаа Дональд Трампын байр суурьтай зөрчилдсөн байна.

Трамп сонгуулийн дараа өөрийг нь дэмжээгүй, үнэнч биш албан тушаалтнуудаа халж эхэлсэн юм. Тухайлбал тэр Афганистан, Сириэс цэрэг гаргах, арьс өнгөний үзлийн эсрэг иргэдийн тэмцлийг зогсооход зэвсэгт хүчнийг дайчлах зэрэг асуудлаар зөрчилдөж байсан Пентагоны удирдлагуудыг өнгөрсөн долоо хоногт халсан байна.

Трампын шийдвэрийг сонссоныхоо дараа Крэбс “Нэр төртэйгээр албаа хаалаа. Бид зөв ажилласан. Маргаашийн аюулаас сэргийлэхийн тулд Өнөөдөр хамгаалах ёстой” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Тэрбээр Майкрософт компанийн кибер аюулгүй байдал, технологийн бодлогыг хариуцан ажиллаж байгаад 2017 оны гуравдугаар сард Трампын засаг захиргааны өндөр албан тушаалд томилогдож байв.

Крэбс нь асуудлыг улстөржүүлдэггүй, шударга сайн мэргэжилтэн хэмээн салбарынхандаа үнэлэгддэг ажээ. Түүнийг халагдсаны дараа АНУ-ын хоёр гол намын төлөөлөгчид харамслаа илэрхийлцгээсэн байна.

Бүгд Найрамдах Намаас сонгогдсон конгрессийн гишүүн, тагнуулын байнгын хорооны дарга Адам Шифф “Төрийн албан хаагчид үнэнийг хэлснээр Америкчуудын болон манай институцуудын аюулгүй байдлыг хангасаар ирсэн сайхан уламжлалтай. Түүний хичээл зүтгэлийг үнэлэхийн оронд ерөнхийлөгч Дональд Трамп хувийн өш хонзонгоо авсан нь харамсалтай” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters