Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сибирийн зам дээрээс хүний яс олноор илэрснийг шалгаж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Эрхүү мужийн Киренск хэмээх жижиг хотын зам дээрээс хүний яс олноор илэрсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Мөстсөн замын халтиргааг бууруулах зорилгоор зам дээр асгасан элсэн дотроос хүний гавлын болон бусад ясны хэсгүүд ил гарсан байна. Хот тохижилтын ажилтнууд хуучны оршуулгын газрын орчмоос элс авч зам дээр дэвссэн байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар таамаглажээ. Мөн илэрсэн яснууд нь 1917-1922 оны Оросын иргэний дайны үед амь үрэгдсэн хүмүүсийнх байх магадлалтай гэнэ.

Зам дээр ил гарсан яснуудын зураг сошиал сүлжээнд тарсны дараа орон нутгийн хуулийн байгууллага гарал үүслийг нь тогтоох, ажилдаа хайнга хандсан байгууллага, албан тушаалтнуудыг олж шийтгэхээр ажиллаж эхэлжээ.

Одоогийн байдлаар гурван хүний араг яс зам дээр дэвссэн элсэн дотроос илрээд байгаа гэнэ.

“Киренскийн зам дээр хүний ястай элс дэвссэн байна. Урьдчилсан дүгнэлтээр хот тохижилтын ажилтнууд ойролцоох оршуулгын газраас элс авсан бололтой. Ямар аймшигтай харагдаж байгааг үгээр илэрхийлэх аргагүй” гэж эрх баригч Нэгдсэн Орос намаас сонгогдсон орон нутгийн хууль тогтоогч Николай Труфанов сошиал хуудсандаа бичжээ.

ОХУ-д дэлхийн хоёрдугаар дайны тулааны талбар болж байсан газруудаас барилга, газар шорооны ажлын үеэр хүний яс илрэх явдал түгээмэл байдаг. 

Тухайлбал 2014 онд Курск мужид зам тавих үеэр Улаан Армийн цэргүүд байх магадлалтай 10 хүний араг яс олдож байжээ.

2018 онд Латвид барилгын суурь ухах үеэр 150 орчим хүнийг бөөнд нь оршуулсан булш илрүүлж байв.

Якутск хотыг Магадантай холбосон 2,000 км орчим урт Колымын автозамыг Сталины дэглэмийн үед хоригдлуудын хүчээр байгуулж байв. Хүнд хэцүү ажлын улмаас 250,000 орчим хоригдол амиа алдсан тул Колымын замыг “хүний ясаар бүтсэн зам” гэж нэрлэдэг байна.

 

Эх сурвалж: The Guardian