Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын арми анх удаагаа тэнгисийн хөлгөөс баллистик пуужинг амдаж устгах туршилтыг амжилттай гүйцэтгэжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Пентагоны төв байр

Тив алгасах баллистик пуужинг АНУ-ын тэнгисийн флотын хөлөг дээр суурилуулсан төхөөрөмжөөр илрүүлээд амдаж устгах туршилтыг Даваа гарагт амжилттай гүйцэтгэснээ Пентагон өчигдөр зарлажээ.

АНУ-ын зэвсэгт хүчин анх удаагаа далайд байрласан хөлөг дээрээс алсын тусгалын пуужинг устгаж чадахаа баталсан нь энэ юм. Ингэснээр Умард Солонгосын пуужингийн довтолгоог Номхон далайн дундаас таслан зогсоох боломжтой болж байна.

Туршилтын үеэр бай болгосон баллистик пуужинг Номхон далайн баруун хэсэгт оршдог Маршаллын арлуудаас АНУ-ын эх газрыг чиглүүлэн харважээ. Энэ үед Хавайн арлаас зүүн хойд зүгт далайд байсан USS John Finn хөлөг “Standard Missile-3 (SM-3) Block IIA interceptor” системийг ашиглан харвасан пуужинг илрүүлж, устгасан байна.

Өмнө нь ийм туршилтыг Аляска, Калифорнид хуурай газарт суурилуулсан системийг ашиглан гүйцэтгэж байжээ.

Харин энэ удаа тэнгисийн хөлөгт суурилуулах зориулалттай ойрын болон дунд тусгалын пуужингаас хамгаалах системийг  нэмэлт мэдрэгч техникээр тоноглоод алсын тусгалын пуужинг илрүүлэх чадвартай болгон ашигласан байна.

Туршилтыг энэ оны тавдугаар сард гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан ч коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хойшлогдсон ажээ. Өнгөрсөн сард Пёньян хотод болсон цэргийн парадын үеэр Умард Солонгосын дэглэм тив алгасах баллистик пуужингийн хөдөлгөөнт харвагчийг анх удаа нийтэд үзүүлж байв.

Энэхүү зэвсэг нь Солонгосын хойгоос АНУ-ын эх газарт цөмийн цохилт өгөх бодит аюулыг нэмэгдүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: CNN