Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Путин, Медведев нарыг насан туршийн сенатор болгох хуулийн төсөл эхний хэлэлцүүлгээ давлаа

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Оросын төрийн Дум тус улсын экс ерөнхийлөгч нарыг насаар нь парламентын дээд танхимын гишүүн болгох хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, дэмжжээ.

Хуулийн төсөлд ОХУ-ын ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа автоматаар парламентын дээд танхим буюу Холбооны Зөвлөлийн гишүүн болж, насан туршдаа уг албыг хашихаар заасан байна.

Ингээд зогсохгүй экс ерөнхийлөгч нь өөрийн сонгосон 30 хүртэл тооны хүнийг зургаан жилийн хугацаатай Холбооны Зөвлөлийн гишүүнээр томилох, заримыг нь өөртэйгээ адилхан насан туршийн гишүүнээр томилох эрхтэй байх юм.

Холбооны Зөвлөлийн гишүүн болсон улстөрч хуулийн байгууллагад шалгуулахаас хамгаалагдсан халдашгүй статустай болдог.

Одоогоор ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, экс ерөнхийлөгч Дмитрий Медведев нарт шинэ хууль үйлчлэхээр байна.

Өчигдөр Думаар дэмжигдсэн бас нэг хуулийн төсөл нь ерөнхийлөгч асан эрхмүүдийн халдашгүй байдлыг улам бататгах зорилготой байжээ. Тодруулбал тэдний ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө үйлдсэн аливаа хэргийг нь сөхөж шалгахгүй байхаар хоёр дахь хуулийн төсөлд заасан байна.

Энэ сарын эхээр АНУ, Их Британийн зарим хэвлэлүүд Паркинсоны өвчтэй болсон тул Владимир Путиныг удахгүй огцрох гэж байгаа тухай мэдээлсэн юм.

Дараа нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг мэдээллийг эрс няцаагаад “Путинд огцрох ямар ч төлөвлөгөө байхгүй, түүний эрүүл мэнд маш сайн байгаа” хэмээн мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Russia Today