Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

2019 оны намар коронавирус Италид анх тархсан гэж судлаачид дүгнэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрлийн коронавирус 2019 оны есдүгээр сард Италийн хүн амын дунд тархсан байсныг олж тогтоосноо Милан хот дахь Үндэсний Хавдар Судлалын Хүрээлэнгийн судлаачид мэдээлжээ.

Итали улсад анхны Covid-19 өвчтөн 2020 оны хоёрдугаар сарын 21-нд Миланы ойролцоох жижиг хотод илэрсэн гэж албан ёсоор үздэг.

2019 оны есдүгээр сараас 2020 оны гуравдугаар сар хүртэл хугацаанд Италийн мэргэжилтнүүд 959 сайн дурынхны уушгинд хорт хавдрын шинжилгээ хийж байжээ.

Гэтэл эдгээр хүмүүсийн 11.6 хувьд шинэ коронавирусийн эсрэг биет үүссэн байсныг сүүлд судалж тогтоосон байна.

Судалгааны тайлан өнгөрсөн амралтын өдөр Tumori Journal шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Италийн судлаачидтай холбоо барьж, олсон баримтуудыг нь  нарийвчлан шинжлэх болсноо Даваа гарагт мэдээлсэн юм.

2019 оны сүүлийн улиралд Италийн умард бүсийн Ломбарди мужид ханиад томууны хүндэрсэн тохиолдол урьд өмнө байгаагүй олон хэмжээтэй бүртгэгдэж байсныг энэ оны гуравдугаар сард судлаачид анх мэдээлж, шинэ төрлийн коронавирус төсөөлж байснаас эрт хүн амын дунд тархсан байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байжээ.

Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдварын анхны тохиолдол 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод илэрсэн гэж ДЭМБ албан ёсоор үздэг юм. Гэхдээ үүнээс өмнө вирус хүмүүсийн дунд чимээгүй тархсан байх боломжийг бас үгүйсгэдэггүй юм байна.

 

Эх сурвалж: Reuters