Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д коронавирусийн халдвар эрчимжиж, Москва хот мөсөн гулгуурын талбайгаа эмнэлэг болгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

24 цагийн дотор ОХУ-д коронавирусийн халдварын 22,778 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын цар тахалтай тэмцэх төв Даваа гарагт мэдээлжээ.

Энэ нь тус улсын хувьд тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор илэрсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Оросын бүх муж, бүс нутгуудад вирусийн тархалт эрчимжиж, эмнэлгийн хангамж хүрэлцээ хамгийн сайтай гэгддэг нийслэл Москва хотод хүртэл нөхцөл байдал хүндэрчээ.

Даваа гарагт Москвад халдварын 6,360 тохиолдол шинээр нэмэгдсэн байна.

Саяхан тус хотод оршдог Крылатское мөсөн гулгуурын ордныг Covid-19 өвчтөнүүдийг эмчлэх түр эмнэлэг болгон хувиргажээ.

400 метрийн тэшүүрийн уралдааны замтай, олон улсын хэмжээний уралдаан тэмцээн зохион байгуулагддаг уг ордон өнөөдөр 1,300 гаруй ортой, 100 гаруй эмч, сувилагчтай эмнэлэг болсон байна.

 

Түр эмнэлгийг компьютер томограф, амьсгалын аппарат зэрэг шаардлагатай бүх техникээр тоногложээ.

Одоогоор тус эмнэлэгт 600 орчин өвчтөн хэвтэж байгаа ба өдөрт 60-80 өвчтөн нэмэгдэж байгааг албаныхан мэдээлсэн байна.

Хэдийгээр сүүлийн үед өвчлөл нэмэгдэж байгаа ч ОХУ-ын эрх баригчид хорио цээрийн дэглэмээ сэргээхээс татгалзаж, оронд нь ариун цэвэр сахих, амны хаалт зүүх, хоорондоо зай барих зэрэг сэргиийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Одоогоор Монгол Улстай хил залгаа Буриадын Бүгд Найрамдах Улсад хоёр долоо хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, бүх худалдааны төв, ресторан баар, үйлчилгээний газруудыг хаасан нь ОХУ-ын бүс нутгуудаас хамгийн хатуу арга хэмжээ авсан тохиолдол болжээ.

 

Эх сурвалж: Reuters