Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин ОХУ-ын тэнгисийн баазыг Африк тивд байгуулах зөвшөөрөл өгчээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын  тэнгисийн баазыг Судан улсад байгуулах шийдвэрт гарын үсэг зуржээ.

Ингэснээр Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойш оросууд анх удаа Африк тивд цэргийн баазтай болж байна.

Өнгөрсөн онд болсон Орос-Африкийн чуулганы үеэр Улаан тэнгисийн эрэгт тэнгисийн бааз байгуулахаар Судан улстай тохиролцож байжээ. Ази, Африк тивүүдийг зааглаж байдаг Улаан тэнгисийн эргийн Порт оф Судан хотын ойролцоо Оросын тэнгисийн цэргийн бааз байгуулагдах ба 300 орчим албан хаагчтай байх юм.

Уг бааз нь Оросын тэнгисийн хөлгүүдэд засвар үйлчилгээ хийх, цэнэглэх, хангамжийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай байх гэнэ. Мөн алсын аялалд яваа хөлгүүд саатах үеэр алба хаагчид нь амрах байгууламжтай байх ажээ.

Ингэснээр Орос улс Энэтхэгийн далайд ажиллагаа явуулах боломжтой болохоос гадна Африк тивд нөлөөгөө тогтоож байна. 

Нэг дор дөрөв хүртэл тооны хөлөг хүлээн авах багтаамжтай бааз байгуулах газрыг Судан улс ОХУ-д үнэ төлбөргүй ашиглуулж байгаа гэнэ. Оросын тал уг баазад дурын зэвсэг техник нэвтрүүлэх эрх эдлэх юм байна.

Тэнгисийн баазыг 25 жил ажиллуулах гэрээ байгуулж байгаа бөгөөд шаардлагатай бол дахин 10 жилээр сунгах нөхцөлтэй гэнэ.

Одоогоор ОХУ нь Сирийн Тартус боомтод ийм баазтай юм. Африк тив нь Оросын зэвсэг техникийн том зах зээл. Үүнээс гадна 54 улстай энэ тивийн газрын баялаг Хятад болон өрнөдийн орнуудын сонирхлыг татаж, өрсөлдөөний талбар болоод байгаа. Суданд тэнгисийн баазтай болсноор ОХУ энэхүү өрсөлдөөнд оролцох боломж нээгдэж байна.

Одоогоор Улаан тэнгисийн эргийн Жибути улсад АНУ, Хятад, Францын тэнгисийн баазууд байрладаг. Оросын тал Суданы баазад газар-агаар ангиллын пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулж, тодорхой радиус дотор нислэгийг хориглох бүс байгуулахаар болжээ.

 

Эх сурвалж: Reuters, ТАСС