Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Moderna компанийн вакцины туршилт 95 орчим хувийн үр дүнтэй болсныг зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын биотехнологийн компани Moderna коронавирусийн эсрэг вакцины сүүлчийн шатны туршилт нь 94.5 хувийн үр дүнтэй болсныг сая зарлалаа.

Энэ нь эхний 95 хүн дээр явуулсан туршилтын үр дүн юм байна.

Илүү олон хүний туршилтын үр дүн гарсны дараа буюу сар хүрэхгүй хугацааны дотор Moderna компани АНУ-ын засгийн газраас түргэвчилсэн горимоор зөвшөөрөл авахаар төлөвлөжээ.

Долоо хоногийн өмнө Pfizer болон BioNTech компаниудын вакцины сүүлчийн шатны туршилт 90 гаруй хувийн үр дүнтэй гарсан билээ.

Moderna компанийн хувьд вакцин нь ирэх оныг хүртэл олон улсын зах зээлд гарахгүй юм байна. Энэ оны сүүлчээр 20 сая тун вакциныг АНУ-ын зах зээлд гаргаж, ирэх онд дэлхийн бусад орнуудыг оролцуулаад 500 сая тун вакцин гаргахаар төлөвлөжээ.

Pfizer-ийн вакциныг үйлдвэрээс өвчтөнд хүргэхэд Цельсийн -70-аас -80 хэмийн хүйтэн нөхцөлд хадгалах шаардлагатай бол Moderna-гийн вакцин Цельсийн +2-оос +8 хэмийн температурт 30 хоног хадгалах нөхцөлтэй тул илүү давуу талтай юм.

Цельсийн -20 хэмд зургаан сар хүртэл хугацаагаар хадгалж болохыг Moderna баталж байна.

Нөгөө талаар Moderna-гийн вакцин нь бусад вакцинуудаас илүү өндөр үнэтэй. Нэг хүнд хоёр тун хийх нэг багц нь $50-$60 орчим үнэтэй болох гэнэ.

AstraZeneca  болон  Оксфордын их сургуулийн вакцин тун нь $4, Johnson & Johnson компанийн вакцин тун нь $10 орчим үнээр гарах төлөвтэй байгаа.

Pfizer болон BioNTech компаниуд вакцины хоёр тун нь $40 орчим үнээр гарахаа мэдэгдсэн.

Хэдийгээр хүн төрөлхтнийг аюулд учруулсан коронавирусийн цар тахлыг зогсоох вакцин гарах цаг ойртож байгаа ч тогтоосон дархлаа нь хэр удаан үйлчлэхийг одоогоор хэн ч хэлж чадахгүй байна.

 

Эх сурвалж: The Guardian