Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: Улаанбаатараас Ховд руу хүнс ачсан автомашинд 11 иргэнийг нууцаар тээвэрлэж явсан

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээлэл хийлээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: УОК-оос бүх нийтийн бэлэн байдал зарлан хөл хорио тогтоосон ч гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. 

Хулгайн замаар тусгай зориулалтын машинд сууж явсан зөрчлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн нийт 28 иргэнийг олж тогтоосон. Тухайлбал, Говь-Алтай аймагт оршин суудаг Энхмаа гэгч нь Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд хүнс ачиж явсан автомашинд Ховд аймгийн харьяат 10, Говь-Алтай аймгийн харьяат нэг иргэнийг тээвэрлэж явсан. Мөн Хэнтий аймагт дөрвөн иргэн, Дундговь аймгийн Даланжаргалан суманд том оврын машинд дөрвөн иргэн сууж нэвтрэх гэснийг саатуулсан. Гэх мэтчилэн хөл хорио тогтоосон үед нийт 28 иргэн тээврийн хэрэгсэлд нуугдаж явсныг илрүүлсэн. 

Түүнчлэн цахим орчинд мөрийтэй тоглох хэрэг нэмэгдэж байна. Цахим мэдээллийн технологи ашиглан бооцоот, ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом явуулж байсан 13 цахим хаягыг илрүүлж, 30 иргэнийг тогтоолоо. Эдгээрээс найман иргэнд сануулж, зургаан иргэнийг Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгосон байна. 

Мөн цахим мэдээллийн хэрэгслээр хуурамч мэдээлэл тараасан 39 зөрчлийг илрүүлэн таван иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгон, 34 зөрчилд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна. Худал мэдээлэл тараасан иргэдийн гурав нь гадаад улсын иргэн байгаа. ХБНГУ-д оршин суудаг Дашцээрмаа гэдэг эмэгтэй удаа дараа худал мэдээлэл тараасан. Энэ асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. 

СХД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэмийг эсэргүүцэн, шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийг доромжилсон Амармэнд гэгч этгээдэд холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Мөн цахимаар архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байсан нийт 88 зөрчлийг тогтоон, шалгаж байна. Үүнтэй холбоотой долоон тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Нийт 52 аккаунтыг хяналтдаа авсан. Долоон фэйсбүүк хуудсыг хаасан.