Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

"237 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалахаар бэлтгэл ажлыг хангаж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УОК-ын даргын шуурхай хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

-Тусгай зөвшөөрөлтэй холбоотой санал гомдол маш их байна. Судалгаагүй ажил эхлүүлээд асуудал үүсэхээр болиулж байгаа юм уу? 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: -Бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор зарим үйлчилгээг тасалдуулахгүй байх зорилгоор хүнс, хүнсний бүтээгдэхүүний түгээлт, эмнэлэг, эмийн сангийн үйлчилгээ, түлш, цахилгаан, дулаан хамгамжийн чиглэлээр үйлчилгээ явуулдаг байгууллагын үйл ажиллагааг зохицуулах хэрэгцээ шаардлага бий болсон. Нийслэлд энгийн үед 240 мянган тээврийн хэрэгсэл зорчдог байсан. Бид 15-20 мянган тээврийн хэрэгсэл зорчиход хөл хорооны дэглэмийн үед яаралтай арга хэмжээ тасалдахгүй гэж тооцоолсон. Гэвч автомашины тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй мэдээлэл ирсэн учраас түр зогсоосон. Цаашид судалж үзнэ. 

ЗГ-ын ХМОНХХ-ын дарга Ц.Ганзориг: -УОК-оос 11 салбарын үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн. Тэдгээр хүмүүс биеийн байцаалт, ажлын үнэмлэхтэйгээ явах юм бол ямар нэгэн зөвшөөрөл шаардлагагүй автомашинтайгаа зорчиж болно. 

-Нөөцийн махыг хүнсний дэлгүүрүүдээр худалдаана гэж ойлголоо. Хэдэн цэгээр, ямар зохион байгуулалтаар худалдах вэ?

ЗГ-ын ХМОНХХ-ын дарга Ц.Ганзориг: -Махны нөөцийн  цэг нэмэгдүүлэх асуудалд нийслэлийн удирдлагууд ажиллаж байгаа. Урьдчилсан байдлаар маргааш оройноос 237 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах тараагдах ажил хийгдэнэ. Нийт 152 хороо байдаг гэж үзвэл нэг хороонд 1-2 хүнсний дэлгүүрт нөөцийн мах түгээгдэнэ. Нийслэлчүүдийн махны өдрийн дундаж хэрэглээ 110-140 тн байдаг. Гэтэл бүх хүмүүс гэртээ байгаа энэ үед хэрэглээ нь 2-4 дахин нэмэгдсэн байна. Өдөрт 400 тн мах тараагдахад хүрэлцэхгүй байна. Мөн дээр нь иргэд мах нөөцөлж байгаа нь эрэлт нэмэгдүүлээд байна.

-Энэ сарын 12-ны өдөр БНСУ-аас иргэх нислэг цуцлагдсан. Тэдгээр хүмүүсийг яах вэ. УОК-оос яагаад өмнө нь мэдээлэл өгсөнгүй вэ?

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: -УОК-оос Солонгосоос ирэх гэж байсан иргэдэд тодорхой мэдээлэл өгсөн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилсэнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сард ирэх нислэгийг бүгдийг зогсоосон. Энэ тухайгаа хэвлэл мэдээллийг хэрэгслээр мэдээлсэн. 

-Хэнтий аймгийн Засаг дарга пэйж хуудсаар түргэвчилсэн оношлуурын хариуг зарласан нь эмх замбараагүй байдал бий болголоо. Түргэвчилсэн оношлуурын хариуг зарлахтай холбоотой журам бий юу. Халдварын шинэ голомт үүссэн үү?

ЗГ-ын ХМОНХХ-ын дарга Ц.Ганзориг: -Шинэ голомт үүсээгүй. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан ч PCR шинжилгээгээр үгүйсгэгдээд байгаа. Жишээ нь, Дарханд 4,500 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад долоон эерэг хариу гарсан. Сорьцын шинжилгээ хийхэд сөрөг буюу халдваргүй гэсэн. Ийм байх магадлалтай. 

Бүх шат онцгой комиссын дарга нарт зөвхөн УОК-ын мэдээллийг дүүрэг, орон нутагт өгөхийг үүрэг болгосон. Шинжилгээний дүн, батлагдаагүй мэдээллийг орон нутгийн онцгой комиссын дарга олон нийтэд мэдээлэх нь зөрчил юм.