Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн ерөнхий сайд Covid-19 халдвартай хүний ойрын хавьтал болсноо мэдээд тусгаарлагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Ойр харилцаж байсан хүмүүс дотроос нь коронавирусийн халдвартай хүн илэрсний дараа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өөрийгөө тусгаарлаж, эмч нарын хяналтад шилжихээр болжээ.

Жонсон энэ оны хавар коронавирусийн халдвар авч, хүндээр өвчилсний дараа эдгэрч байв.

Хэрвээ энэ удаад халдвар илэрвэл тэр хоёр дахь удаагаа өвчлөх юм. Одоогоор ерөнхий сайдад халдварын ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгааг Британийн засгийн газрын хэвлэлийн алба Ням гарагт мэдээлжээ.

Пүрэв гарагт Борис Жонсон парламентын зарим гишүүдтэй Даунинг стрит дэхь өөрийн албан өргөөнд уулзсан юм. Энэ уулзалтын дараа Консерватив намын хууль тогтоогч Ли Андерсоноос Covid-19 халдварын шинж тэмдэг илэрч, улмаар шинжилгээний хариу нь эерэг гарсан байна.

Сүүлийн өдрүүдэд Борис Жонсоны засгийн газар хөл үймээн ихтэй байгаа. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Жонсоны хамгийн нөлөө бүхий зөвлөх, Brexit хөдөлгөөний гол зүтгэлтнүүдийн нэг Доминик Каммингс ирэх сараас эхлэн засгийн газарт ажиллахаа больж байгааг мэдэгдсэн юм.

Амралтын өдрүүдэд Британийн сонин хэвлэлийн хуудаснууд Жонсоны засгийн газрын дотоод зөрчлийн тухай мэдээллээр дүүрэн байв.

Коронавирусийн шинэ давалгаа эрчимжиж, хорио цээрийн дэглэмээ дахин сэргээсэн, Их Британи улс Европын Холбооноос ямар нэг гэрээ байгуулалгүй гарах магадлал нэмэгдсэн зэрэг нь Борис Жонсоны засгийн газрын байр суурийг ганхуулаад байгаа юм.

Ийм хүнд хэцүү цаг үед тэр тусгаарлагдаж, ажил үүргээ зайнаас гүйцэтгэхээр болж байна.

 

Эх сурвалж: Reuters