Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн тагнуулууд Аль Кайдагийн хоёр дахь хүнийг Ираны нийслэлд устгасан тухай мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
1998 оны наймдугаар сарын 7-нд Кенийн нийслэл Найроби дахь АНУ-ын элчин сайдын яам халдлагад өртсөний дараа

Аль Кайда террорист байгууллагын хоёр дахь хүнийг энэ оны наймдугаар сард Израйлийн тагнуулууд Ираны нийслэл Тегеранд буудаж устгасан тухай нууц баримтыг Нью Йорк Таймс сонин өчигдөр тусгай албадын эх сурвалжаас олсноо мэдээлжээ.

Абу Мухаммад Аль Масрийг Тегераны гудамжинд мотоциклтой хоёр хүн буудаж хөнөөсөн юм байна. Түүнийг 1998 онд Африк тив дэх АНУ-ын хоёр элчин сайдын яаманд бөмбөг дэлбэлэх ажиллагааг удирдсан хүн гэдэг.

Аль Масри нь Аль Кайда террорист байгууллагын одоогийн тэргүүн Айман Аль Завахириг залгамжлах хүн гэгдэж байв.

Дээрх аллагад АНУ-ын тагнуулын албад оролцсон эсэх нь мэдэгдээгүй байна.

Аль Масригийн амийг хөнөөх ажиллагаа наймдугаар сарын 7-ны өдөр буюу элчин сайдын яамдад халдлага гарсны ойн өдөр тохиожээ.

Нью Йорк Таймсын мэдээ гарсны дараа Иран улсын засгийн газар няцаасан мэдэгдэл хийсэн байна. Ираны гадаад хэргийн яам тус улсын газар нутагт Аль Кайдагийн ямар ч гишүүн байхгүйг мэдэгджээ.

Аль Масри нь 2003 оноос хойш Иранд хоригдож байгаа гэгддэг ч үнэн хэрэгтээ Тегераны ойролцоо эрх чөлөөтэй амьдарч байсан гэх тагнуулын мэдээлэл бий. Осама Бин Ладены хүү Хамза Бин Ладены бэлэвсэн эхнэр болох охин нь Аль Масригийн хамт алагдсан юм байна.

Аль Кайда байгууллагын анхны тэргүүн Осама Бин Ладен 2011 онд Пакистанд АНУ-ын тусгай хүчний явуулсан ажиллагааны үеэр алагдсан юм.

Хэдийгээр удирдагчаа алдсан ч Аль Кайда байгууллага өөрийн салбар нэгжүүдийг Ойрх Дорнодоос Афганистан, Баруун Африк хүртэл газар нутгуудад байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

 

Эх сурвалж: Reuters