Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Уулын Карабахын армениуд газар нутгийг нь Азербайжанд шилжүүлэхээс өмнө орон гэрээ шатаажээ

Т.Давааням, ikon.mn
2020 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын оролцоотой байгуулсан энхийн гэрээний хүрээнд армени хүмүүс голлон амьдардаг Уулын Карабахын зарим хэсгийг Ням гарагт Азербайжанд шилжүүлж өгөх юм.

Тэгвэл шилжүүлж өгөхөөс өмнө Армени улс руу дүрвэж байгаа иргэд өөрийн орон гэрийг Азербайжаны талд ашиглуулахгүйн тулд шатааж эхэлсэн тухай эх сурвалжууд Бямба гарагт мэдээлжээ.

Тухайлбал Уулын Карабахын Калбажар дүүргийн оршин суугчид Армени руу нүүхээсээ өмнө амжиж, амьдарч байсан орон гэрээ шатаасан байна.

Тус дүүрэг олон жилийн турш Бакугаас хамааралгүй, Арменийн салан тусгаарлагчдын хяналтад байсан юм.

“Энэ бол миний орон гэр. Би үүнийгээ туркүүдэд үлдээхийг хүсэхгүй” гэж нутгийн армени иргэн ярьжээ. Армени хүмүүс Азербайжан хүмүүсийг ихэнхдээ туркүүд гэж нэрлэдэг юм.

Калбажар дүүргийн Чаректар тосгонд Баасан гарагт доод тал нь 10 амины сууц шатсан бол Бямба гарагийн өглөө зургааг нэмж шатаажээ.

Орос, Армени, Азербайжан улсуудын хооронд байгуулсан энхийн гэрээний хүрээнд 1990-ээд оноос хойш салан тусгаарлагчдын мэдэлд байсан Калбажар дүүргийг энэ Ням гарагаас, Агдам дүүргийг арваннэгдүгээр сарын 20-ноос, Лачин дүүргийг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Азербайжанд шилжүүлж өгөхөөр тохирсон юм.

Оросын энхийг сахиулагч цэргүүд Лхагва гарагт Уулын Карабахт ирж, тус бүс нутгийг Армени улстай холбох гол замуудыг хамгаалалтад авсан байна.

Нийтдээ 2,000 орчим цэрэг Уулын Карабах болон Лачины корридорын 16 хэсэгт хяналтын пост байгуулж ажиллахыг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин шилжүүлж өгсөн газар нутаг дахь загалмайн шашны сүм хийд, шүтээнүүдийг хөндөхгүй байхыг Азербайжаны талд сануулсан байна. Хариуд нь Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев армени хүмүүсийн шүтээнүүдийг сүйтгэхгүй гэсэн амлалт өгчээ.

 

Эх сурвалж: AFP