Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлчүүд жирийн үеэс 4 ДАХИН ИХ мах худалдан авжээ

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн халдвар дотоодод голомтлон гарсантай холбоотойгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хөдөлгөөнийг хязгаарлаад буй. 

Энэ үед хүнсний хомсдол үүсэхгүй, хүнс, ялангуяа махны нийлүүлэлтийн чиглэлээр Улаанбаатарт орж гарах ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн байгаа ч өнгөрсөн өдрүүдэд иргэд махаа ихээр авч нөөцөлсөн байна.

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр хүнсний хангамж, тээвэрлэлт, захын хорооллын хүнсний дэлгүүрүүд, эмийн сангууд, дотуур байрны оюутнуудын хүнс болон бусад хангамжийн хүртээмж ямар байгаатай танилцаж байна. 

“Хүчит шонхор” зах дээр махны эрэлт, нийлүүлэлт хэвийн байдалд орж байгааг Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг тэмдэглэжээ. 

Нийслэлчүүдийн махны хэрэглээ өдөрт 110 тн байдаг бол өнгөрсөн өдрүүдэд орон нутгаас 208, 410, өнөөдөр 470 тн мах нийлүүлсэн ч эрэлт, нөөцлөлт их байгааг энэ үеэр мэдээлсэн байна. 

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, 2,200 гаруй амьд мал, 407 тн бэлтгэсэн махыг хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлсэн талаар ЗГХЭГ-аас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар

  • үхрийн мах нэг килограмм нь дунджаар 11,000-12,000
  • хонины мах 9,000
  • адууны мах 7,500-8,500 буюу 1,000 гаруй төгрөгийн хэлбэлзэлтэй
  • төмс нэг килограмм нь 700
  • сонгино 1,600 төгрөг, бусад хүнсний ногооны үнэ хэвийн
  • Алтан тариа компанийн гурил нэг килограмм нь 1,329-1,53,
  • будаа 3,600 төгрөгийн ханштай байлаа.

Иргэд, худалдаа эрхлэгчид мах, хүнсний бүтээгдэхүүний тээвэр, нийлүүлэлт, зохион байгуулалтыг сайжруулах, гэр хороололд махны бөөний цэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв. 

Чингэлтэй, Долоон буудал орчмын хүнсний найман нэрийн дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний барааны хүрэлцээ, хангамж урьдын адил хэвийн, үнэ тогтвортой ч хүн цөөтэй. Энэ нь иргэд ихэвчлэн хүнсний зах, бөөний худалдааны төв рүү явж байгаатай холбоотой гэж худалдагч нар ярьж байна. Эмийн сангуудад эм, тарианы эрэлт, борлуулалт хэвийн, гэхдээ ариутгалын бодис, амны хаалтны нөөц хомсдож  магадгүйг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Гэрэл зургийг MPA.mn