Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск коронавирусийн халдвар авсан бол SpaceX-ийн пуужинг сансарт хөөргөх ажиллагаанд оролцож чадахгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

SpaceX, Tesla компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск коронавирусийн халдвар авсан байж болзошгүй тухай өчигдөр твиттер хуудсандаа мэдээлсэн юм.

Сүүлийн хэдэн өдөр хөнгөн ханиалгаж, халуурч, нус нь гоожиж байгаагаа бичсэн Маск түргэвчилсэн оношлуураар халдвартай гарснаа мэдээлжээ.

Нэг өдрийн дотор хэд хэдэн удаа шалгахад хариу нь эхлээд эерэг, дараа нь сөрөг, сүүлд эерэг гарсан гэнэ. Тиймээс лабораторийн PCR шинжилгээний хариу гарахыг хүлээж байгаа ажээ.

SpaceX компани өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын хоёр сансрын нисгэгчийг тойрог замд хүргэж чадсан нь түүхэн үйл явдал болсон юм. Тэгвэл одоо хоёр дахь удаагаа дөрвөн сансрын нисгэгчийг Олон Улсын Сансрын Станцад хүргэх гэж байна.

Тэд энэ Ням гарагт дэлхийгээс хөөрч, тойрог замд зургаан сар ажиллах юм.

Хэрвээ Илон Маск коронавирусийн халдвартай нь батлагдвал тэр энэхүү чухал арга хэмжээнд биеэр оролцож чадахгүй болох гэнэ.

 Учир нь NASA-гийн дүрэм журамд зааснаар халдварт өвчтэй, халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн хүн Флоридагийн Канавералын хошуунд байдаг Кеннедийн нэрэмжит Сансрын Төвд нэвтрэх боломжгүй ажээ.

Маскын PCR шинжилгээний хариу 24 цагийн дараа гарах ба тэр хүртэл өөрийгөө тусгаарлаад байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider