Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байден сонгуулийн ялалтаа бататгалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2020 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаа улам бататгалаа.

Өчигдөр буюу Баасан гарагт гол өрсөлдөөнт мужуудын нэг Жоржиа санал тооллогын үр дүнгээ эцэслэснээр Байдены авсан төлөөлөгчийн саналын тоо 306 болж нэмэгджээ. Үлдсэн мужуудаас ганцхан Умард Каролинад одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп ялалт байгуулснаар тэдний харьцаа 306:232 боллоо.

АНУ-ын 50 муж, нийслэл Вашингтон хот оршдог Колумби дүүргийн нийт 538 сонгуулийн төлөөлөгчийн саналын 270 ба түүнээс дээш саналыг авсан нэр дэвшигч ерөнхийлөгч болдог.

Одоогоор Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийсээр байгаа бол Жо Байден эрх мэдэл шилжүүлж авах бэлтгэл ажилдаа ороод байна.

Хэдийгээр жирийн сонгогчдын олонхын санал сонгуулийн үр дүнд шууд нөлөөлдөггүй ч Байден Трампаас 5.3 сая гаруй санал илүү авжээ. Энэ нь 3.4 нэгж хувиар илүү гарсан гэсэн үг юм.

Жо Байдены сонгогчдоос авсан 50.8 хувийн санал нь 1980 оны сонгуульд Жимми Картерыг Рональд Рейган ялсан амжилттай ойролцоо түвшинд байна.

Дональд Трамп энэ удаагийн сонгуулийг будлиантай болсон гэж үзээд гол мужуудын санал тооллогыг хүчингүй болгох, дахин тоолуулахаар шүүхэд хандсан ч ихэнх нь няцаагдаад байгаа.

Холбооны сонгуулийн аюулгүй байдлыг хамгаалах албаныхан энэ удаагийн сонгуульд ямар ч алдаа завхрал гараагүйг баталж, АНУ-ын түүхэн дэх хамгийн баталгаатай сонгууль болсныг Пүрэв гарагт зарлажээ.

Дональд Трамп ялалт байгуулахын тулд гол мужуудын гурвынх нь санал тооллогын үр дүнг эсрэгээр эргүүлэх шаардлагатай болоод байна. Өнөөдрийн нөхцөл байдлаас харвал энэ нь ямар ч боломжгүй харагдаж байгаа юм.

АНУ-ын үндсэн хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 8-ны дотор бүх мужууд сонгуулийн санал хураалттай холбоотой маргааныг шийдвэрлэж дуусгах ёстой.

Дараа нь 14-ний өдөр муж бүрийн сонгуулийн төлөөлөгчид саналаа нэгтгэж, сенат болон холбооны засгийн газрын холбогдох байгууллагууд руу шуудангаар илгээснээр үр дүнг албан ёсны болгох ажил эхлэх юм.

 

Эх сурвалж: Reuters