Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Иргэдиийн зээлийг хойшлуулах асуудлыг судалж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийж дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Иргэдийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах уу?

- Одоогоор энэ асуудлыг судалж байна. Бид дотоодод илэрсэн халдварыг хяналтдаа авах чиглэлийг голчлон бүх хүчээ төвлөрүүлэн ажиллаж байгаа.

- Орон нутгаас Улаанбаатарт ирж гацсан иргэдийг гаргах уу?

- Арваннэгдүгээр сарын 17-н хүртэл нийслэлээс хүн гаргах боломж байхгүй. Нөхцөл байдлаас шалтгаалаад цаашдаа ч сунгаж магадгүй. 

- Сэлэнгийн тохиолдол хаанаас эх үүсвэртэйг тогтоож байгаа юу?

- Улаанбаатар болон Сэлэнгэд гарсан тохиолдлууд нэг эх үүсвэртэй юу үгүй юу гэдгийг эцэслэж тогтоогоогүй байна. Бид олон таамаг дэвшүүлээд эхнээс нь мухарлаад явж байгаа. Гэхдээ хоёр голомтот халдварын аль алиных нь ойрын болон дам хавьтлыг тогтоосон. Сэлэнгэд илэрсэн халдвар ХӨСҮТ-ийн сувилагчтай холбоогүй.

Сэлэнгийн тохиолдол магадгүй цаанаасаа байхыг үгүйсгэхгүй. Алтанбулагийн боомтоор өдөртөө 40-50 машин орж ирж байна. Хөдөлгөөнийг хязгаарламаар байгаа ч олон улсын худалдааны хэлэлцээрээрээ бас болохгүй байна. 

- Увс аймагт хоёр айлыг тусгаарласан байна. Аль халдварын голомттой холбоотой иргэд вэ?

- Улаанбаатарт халдвар бүртгэгдэж, 7 тохиолдол батлагдаад байгаа үүний ойрын хавьтал болох хүмүүс Увсад оччихсон байсан. Ер нь бол хавьтлуудыг явсан газар тус бүрд нь тусгаарлаад шинжилнэ. Шинжилгээгээр халдвар илрээгүй хэдий ч тусгаарлалт үргэлжилнэ.

- Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдээс санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ авч байгаа юу?

- Тандалт судлагааны нарийн мэргэжлийн баг ажиллаж байгаа. Одоогоор шинжилгээний хариу дандаа сөрөг гарч байгаа сайн мэдээтэй байна. Нийслэл хотод ч гэсэн тандалт хийгдэж байгаа. Хөл хорио тогтоосон хугацаандаа амжаад тандалтаа дуусгахаар ажиллаж байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.