Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост өнөөдрөөс амны хаалт зүүгээгүй хүнийг торгох журам хэрэгжиж эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Олон нийтийн газарт амны хаалт зүүгээгүй хүнийг торгох журам Баасан гарагаас буюу өнөөдрөөс Өмнөд Солонгос улсад хэрэгжиж эхэлнэ.

Энэхүү журмыг зөрчвөл 100,000 воны ($89) торгууль хүлээх юм байна.

Одоо тус улсад хэрэгжиж буй нэгдүгээр түвшний хорио цээрийн дэглэмийн үед нийтийн тээвэр, эмнэлэг, аптекууд, асрамжийн газрууд, шашны төвүүд, спортын дотоод танхимууд, 500-аас дээш хүн оролцсон хурал цуглаан, арга хэмжээнүүдэд оролцохдоо заавал амны хаалт зүүх ёстой болжээ.

Мөн баар, караоке, кафе, ресторан, сургалтын төвүүд, концертын танхим, театр, их дэлгүүрүүдэд энэ журам үйлчлэхээр болсон байна.

Амны хаалтыг зүүхдээ хамраа ил гаргасан, стандарт бус амны хаалт хэрэглэсэн хүмүүсийг бас торгох ажээ.

Харин 14-өөс доош насныхан, эрүүл мэндийн шалтгаанаар амны хаалт зүүх боломжгүй хүмүүст шинэ журам үйлчлэхгүй гэнэ. Хүмүүст зөвхөн хоол унд идэх, нүүрээ угаах, усанд сэлэх зэрэг онцгой тохиолдлуудад амны хаалтаа авахыг зөвшөөрөх ажээ.

Өмнөд Солонгос даяар Лхагва гарагт коронавирусийн халдварын 143 шинэ тохиолдол бүртгэгдсэний 128 нь дотоодод дамжсан тохиолдлууд байжээ. Тус улсад нийтдээ 27,942 халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Нэг хэсэг өдөрт илрэх халдварын тохиолдол нь 100 хүрэхгүй байсан бол сүүлийн таван өдөр дараалан гурван оронтой тоонд хүрээд байгаа юм.

Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо Өмнөд Солонгост 487 байгаа ба эндэгдлийн харьцаа нь 1.74 хувь байна.

 

Эх сурвалж: Yonhap News