Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүчний байгууллагууд гудамж талбайд ажиллах зураглалыг яг одоо гаргаж байна"

Г.Номин, iKon.mn
2020 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас тав хоногийн хугацаатай Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргаад буй. Үүнтэй холбогдуулан албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Хатуу хөл хорио тогтоосон тав хоногийн хугацаанд ямар ажлуудыг зохион байгуулах вэ?

А.Амбасэлмаа: Тав хоногийн хугацаанд шинжилгээнүүдээ үргэлжлүүлэн хийнэ. Одоогоор 70 гаруй хүнийхээ гуравны нэгийг шинжлээд байгаа. Цаашлаад дам байдлаар хавьтагч болсон 2,000 гаруй хүнийг тусгаарлана. Тэдгээр хүний байршлыг цагдаагийн байгууллага тогтоож байгаа. Ер нь бол дийлэнх хүний байршлыг тогтоосон.

Ж.Амгалан: Цагдаагийн байгууллагаас мэргэжлийн байгууллагуудтай хамтран нэгдүгээр болон дам хавьтлуудыг дээд боломжоор нь тогтоож, хүрээг нь хумих ажлыг зохион байгуулж байгаа. Бэлэн байдлын хугацаанд хүрээг хумьж, бүх хүнийг шинжилгээнд хамруулж амжина гэж үзэж байна.

- Хувийн байгууллагуудыг маргаашнаас үйл ажиллагаагаа зогсоо гэж байгаа юу, эсвэл уриалж байгаа юм уу гэдгийг тодруулж хэлж өгөөч?

Я.Содбаатар: Хатуу хөл хорионы хүрээнд улсын хөдөлгөөнийг хязгаарлаж, зогсоох зорилготой байна. Гэхдээ хүнсний хангамж, эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээ тасрах ёсгүй. Стратегийн энэ чухал салбарууд буюу хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, хүнсний үйлдвэр, шатахуун түгээгүүр, эмийн сан, эмнэлэг, худаг усан хангамж, дулаан хангамж, цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнсний тээвэр хэвийн горимоор ажиллана.

- Аймгууд хөл хорио тогтоох шаардлага байгаа юу, УОК-оос аймгуудын онцгой комисст чиглэл өгсөн үү?

Я.Содбаатар: Аймгууд хөл хорио тогтоох шийдвэрийг бие даан гаргах эрхтэй. Зарим дам байдлаар хавьтагч болсон иргэд орон нутаг руу явсан маршрут харагдаж байгаа. Үүнтэй холбогдуулаад зарим аймгууд хөдөлгөөнөө хязгаарлаж эхэлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн шийдвэр улсын хэмжээнд гарсан шийдвэр бөгөөд энэ хүрээнд зарим бүс рүү чиглэл өгөөд явна.

- Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн хэрэгслийн зохицуулалт ямар байх вэ, хувийн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцож болох уу?

Я.Содбаатар: Нийтийн тээвэр өнөөдрийнхтэй адил цагийн хуваарийн дагуу явна. Хувийн тээврийн хэрэгслээрээ хүнсний зах, шатахуун түгээгүүр рүү явж болно. Гэхдээ улсын хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлах зорилготой байгаа учраас иргэд маань хамтарч ажиллаач ээ гэж байгаа юм. Хүчний байгууллагууд гудамж талбайд ажиллах зураглалыг яг одоо гаргаж байна. 

- Хөл хорио тогтоосон шийдвэр зөвхөн нийслэлд хэрэгжих үү, аймаг сумын төвд хязгаарлалт хийгдэх үү?

Я.Содбаатар: Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хуулийн дагуу улс даяар 23 ажил, арга хэмжээ авагдана. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.