Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Руфат Алимарданов: ОУСК-ын анхны төгрөгийн зээл 15,000 орчим бичил бизнест КОВИД-19-ийн нөлөөллийг давж гарахад дэмжлэг болно

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ОУСК

Олон Улсын Санхүүгийн Корпорацаас Монголын ББСБ-д анхны төгрөгийн зээлээ олгосон талаар бид мэдээлсэн.

Энэ талаар ОУСК-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Руфат Алимардановтой ярилцлаа. 

-ОУСК Монголын ББСБ-д хөрөнгө оруулж байгаа нь анхны тохиолдол болов уу. Яагаад заавал ББСБ-ыг сонгохоор болов? Монгол Улсын хувьд ББСБ арилжааны банкнуудаас илүү өндөр хүүтэй байдаг учраас сонгосон секторын хувьд сонирхол татаж байна.

-Транскапитал бол ОУСК-аас шууд санхүүжилт авсан Монгол дахь анхны ББСБ юм. Энэхүү санхүүжилт нь Монголд КОВИД-19 цар тахалд хариу арга хэмжээ авах ОУСК-ын төслүүдийн эхнийх, мөн ОУСК-ын анхны төгрөгийн зээл юм.

Транскапиталын бизнесийн зээл болон ногоон зээл (зээлдэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж худалдан авахад хөрөнгө оруулахад чиглэсэн), мөн бичил орон сууцны зээл нь тус байгууллагын ихэнх багцыг эзэлдэг бөгөөд эдгээр бүтээгдэхүүний хүү нь Монголын бусад ББСБ-уудын олгож буй хүүгээс доогуур байдаг. 

ОУСК-ын зээл нь тус ББСБ-ын БЖДҮ эрхлэгчдэд зориулсан зээлээ өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд зориулагдах болно. ОУСК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу тус компани нь “Үйлчлүүлэгчдийг хамгаалах, хариуцлагатай санхүүжилт хийх зарчмууд”-ыг дагаж мөрдөх бөгөөд тэдгээрийн нэг нь “ил тод, хариуцлагатайгаар үнэ тогтоох” зарчим юм. 

- Санхүүжилтийн зарцуулалт нь жижиг, дунд үйлдвэрлэлийг, тэр тусмаа орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих гэж байгаа нь анхаарал татаж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Бичил болон ЖДҮ нь Монгол Улсад бүртгэлтэй бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь, улсын хэмжээнд нийт ажлын байрны тал орчим хувийг эзэлдэг. Үүний зэрэгцээ тэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас үйлчилгээ авах боломж хамгийн бага байдаг. Улаанбаатар хотоос гадуур хөдөө орон нутагт санхүүгийн хүртээмж муу байсаар ирсэн.

Бидний хийсэн судалгаанаас үзэхэд санхүүгийн хүртээмж хязгаарлагдмал байгаа нь ихэнхдээ шаардлага хангасан барьцаа хөрөнгө дутагдалтай, банкууд бичил зээл олгох эрсдэлд дургүй, банкны салбар дахь хөрөнгийн дутагдал их байгаатай холбоотой юм.

Арилжааны банкууд болон ББСБ-уудын ихэнх нь салбараа Улаанбаатар хотод төвлөрүүлсэн байдаг тул Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь, олон бичил үйлдвэрүүд үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал, эсхүл огт боломж байхгүй байна. Тиймээс Улаанбаатар хотоос бусад газар санхүүгийн хүртээмж муу байна.

Бид БЖДҮ-ийн санхүүжилтийг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд зохицуулагч байгууллага болон банкуудтай хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ, эрсдэлийн удирдлагын оновчтой тогтолцоотой, үр ашигтай ажиллагаатай, сайн чанарын үйлчилгээтэй, хариуцлагатай санхүүгийн практиктай санхүүгийн байгууллагууд нь Монгол Улсад, ялангуяа хөдөө орон нутгийн хангагдаагүй санхүүжилтийн хэрэгцээг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Тиймээс энэхүү шинэлэг санхүүжилт нь 15,000 орчим бичил, хөдөөгийн болон эмэгтэй бизнес эрхлэгчдэд шаардлагатай санхүүжилтийг олж авах боломжийг бүрдүүлж, КОВИД-19-ийн нөлөөллийг давж гарах чадварыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. 

- Тухайн ББСБ-ыг ямар шалгуураар сонгосон бэ?

- ОУСК нь ББСБ-ын түншээр сонгохдоо аль болох олон ЖДҮ, хөдөө орон нутаг болон үйлчилгээ авах байдал хязгаарлагдмал бүсэд үйлчлэх чадвартай, сайн менежменттэй компанийг сонгосон. Транскапитал нь хөдөө орон нутаг, орлого багатай хэсэгт хүрч үйлчилдэг бөгөөд нийт 30 салбарын 13 нь УБ хотоос гадна байрладаг. Үлдэж буй 17 салбарын ихэнх нь 700,000 бага орлоготой хүн ам амьдардаг гэр хороололд байрладаг.

- Нийт хэдий хэмжээний санхүүжилтийг ямар нөхцөлөөр олгож байгаа вэ?

- ОУСК-ын тус зээл нь ОУСК-ын эх үүсвэрийн 3 жилийн хугацаатай 8.4 тэрбум төгрөг (3 сая орчим ам.доллар), ОУСК-ийн бусад байгууллагуудаас зуучилсан 25.2 тэрбум орчим (9 сая орчим доллар) хамтарсан зээлээс бүрдэж буй юм. 

- ОУСК яг ийм төрлийн санхүүжилтийг өөр улс орны ББСБ-д олгож байсан тохиолдол байвал дурдахгүй юу?

- ОУСК нь Санхүүгийн хүртээмжийн төлөөх G20 дэлхийн түншлэлийн үүсгэн байгуулагч, гол хэрэгжүүлэгч түнш бөгөөд тус салбарыг бүхэлд нь хамарсан Хариуцлагатай санхүүгийн форумын хамтран үүсгэн байгуулагч юм. 

ОУСК нь 55 сая БЖДҮ эрхлэгчдэд нийт 13 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон. Одоогоор 4.1 тэрбум ам.долларын идэвхтэй зээлийн багцтай, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамгийн том институтийн хөрөнгө оруулагч, хөгжлийн санхүүгийн байгууллага юм. Саяхны жишээ гэвэл Зүүн Тиморт хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас харах боломжтой.

- Ямар үр дүн гарна гэж хүлээж байна вэ?

- Төслийн түвшний хүлээгдэж буй хамгийн чухал үр дүн бол хувиараа бизнес эрхлэгчид болон бичил бизнес эрхлэгчдэд 15,000 хүртэлх шинэ зээл нэмж олгох замаар үйлчилгээ авч чадахгүй байгаа сегментүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх явдал юм. Төслийн үр дүнгээс гадна, тус ББСБ нь хөдөө орон нутаг/гэр хороололд үйлчилгээгээ тэлэхэд анхаарал хандуулж байгаа тул үйлчилгээний хүртээмжтэй байдлыг дэмжих замаар зах зээлийг бий болгоход хувь нэмэр оруулна гэж ОУСК үзэж буй юм. Учир нь Транскапитал ийнхүү амжилт олох боломжийг бодитоор харуулж бусад ББСБ-уудын сонирхлыг татаж, тэдгээрт үлгэр дууриал болох юм.

Тус төслийн хүрээнд ОУСК нь өөрийн эх үүсвэрээс болоод хамтран санхүүжүүлэгч олон улсын зээлдүүлэгчдийн эх үүсвэрээс дунд хугацааны төгрөгийн санхүүжилтийг олгож буй бөгөөд ингэснээр Монгол Улсын санхүүгийн салбарын даван туулах чадварыг нэмэгдүүлж буй юм.

- Цар тахлын энэ үед Монгол Улсад үзүүлсэн тусламж, дэмжлэгээсээ хуваалцахгүй юу?

- ОУСК нь Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр үзүүлэх дэмжлэгээ улам бүр нэмэгдүүлж байна. ОУСК нь энэ оны эхээр зохицуулагч байгууллага болон банкны холбоотой хамтран нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. ОУСК нь Монгол дахь түнш банкнууддаа КОВИД-19 цар тахлын нөлөөллийг давахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хүрээнд энэ оны эхээр худалдааны зээлийн шугамын дээд хязгаарыг нэмэгдүүлсэн. Бид өөр олон төсөл боловсруулж байгаа бөгөөд бэлэн болмогц нь тухай бүр нийтэд зарлах болно.

- Ярилцсанд баярлалаа.